Ардчилсан намын жирийн гишүүд "Хорссон популистуудын зодуур биш"
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "2019 оны гуравдугаар сарын 18-наас УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүсэлт гаргасан. ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан хөнгөлѳлттэй нөхцлөөр зээл авсан, ялангуяа хуулийн байгууллага дээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү гэсэн хүсэлт өглөө" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай намын бүлэг УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүллээ. Уг мэдэгдэлд Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮ-ийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын гишүүд барьцаанд тавьсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ нотолж байна.
64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийн цочроосон асуудлыг шийдэхгүй, хүч хүрэхгүй байна, шүдгүй арслан гэх мэтээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёс тогтоох хангалттай боломж байгааг сануулж байна. Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна гэх мэт үлгэрээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.
Мөн Ардчилсан нам ямар ч хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмөөрөхгүй. Гэхдээ Ардчилсан намын жирийн гишүүд "Хорссон популистуудын зодуур биш" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
- Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна вэ?
- УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх найман асуудал оруулсны тал нь албан тушаалтныг томилох асуудал байна. Бид илүү чухал, улс эх оронд хэрэгтэй хуулиудыг батална гэж найдаж байсан.