ХУД-ийн 11 дүгээр хорооны байрлах Зайсан KFC салбаар өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нээс үйлчлүүлсэн иргэд олноороо хоолны хордлогод орсон билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр Зайсан дахь KFC салбарын бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактери илэрч, ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар илэрсэн. Үүнээс болж нийт 247 хүн хоолны хордлогод хордож, 40 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай үзэж, оношлон, хүндэрсэн иргэдийг хэвтэн эмчлүүлсэн билээ. Улсын эмнэлэг учраас жилийн нийт эм, тариа, ажиллагсдын илүү цагийн хөлс зэргийг тооцоолон гаргасан байдаг.
Гэтэл “Таван богд фүүдс” ХХК-ийн хариуцлагагүй үүднээс болж, олон иргэд хоолны хордлогод орсны улмаас ХӨСҮТ-өөс тооцоолоогүй зардал гарчээ.
Хоолны хордлогод орсон иргэдийн хохирлыг барагдуулахаас гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Таван богд фүүдс” ХХК ХӨСҮТ-д эмчлүүлсэн иргэдийн зардлаас хуваалцаж, илүү цагаар ажилласан эмч, сувилагч нарын цалинг олгох нь зүйтэй гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.