СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-17

Монгол судлаач Л.К.Герасимович: Б.Ринчен гуай надад гомдсон байх

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Людмила Константиновна Герасимович нь (1923-2015) 1950 онд Ленинградын Их Сургуулийн Дорно дахины факультетыг монгол судлаач-хэл шинжлэлч гэсэн мэргэжлээр төгссөн. 1953 онд «Орчин үеийн Монголын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн бүтээл туурвил» гэсэн ганц сэдэвт зохиол бичиж, хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан. 1953-1999 он хүртэл Ленинградын Их Сургуулийн Дорно дахины факультетад монгол хэл, уран зохиолын багш, 1973-1987 он хүртэл монгол хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1976 онд «Монгол шүлгийн тогтолцоо (туршилт авиа зүйн судалгаан дээр хийсэн туршилт)» гэсэн ганц сэдэвт зохиол бичиж, шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. Л.К.Герасимович нь 90 гаруй наслахдаа амьдралынхаа 70 шахам жилийг монголын уран зохиолыг судлахад, монгол судлаач, багш, нарыг бэлтгэн гаргахад зориулсан бөгөөд “БНМАУ-ын уран зохиол (1921-1964)” /1965/, “Монгол шүлгийн тогтолцоо” /1975/, “БНМАУ-ын уран зохиол (1965-1985)” /1991/, “XIII зуунаас XX зууны эхэн хүртэлх Монголын уран зохиол” /2006/ гэсэн ганц сэдэвт зохиолууд, мөн XX зууны Монголын уран зохиолтой холбогдох нийт 80 орчим өгүүллийг бичиж гадаад, дотоодын сэтгүүлд нийтлүүлжээ.

Миний бие ОХУ-ын Санкт-Петербургийн Их Сургуулийн аспирантурт суралцах хугацаанд энэ эрхэм хүнтэй цаг товлон, нүүр тулан уулзах аз завшаан тохиосон юм (2014 онд). Очих тухайг минь олзуурхан сонсоод хамт очиж, халуун дулаан яриа өрнүүлэхэд дэм болсон Аня дүүдээ энэ дашрамд талархсанаа илэрхийлье. Ингээд ярилцлагыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Л.К. Герасимович эцэг К.В. Пономарёв Константин Васильевич Пономарёв, эх А.М. Пономарёвагийн Августа Михайловна Пономарёва хамт

-Монгол орны тухай сонин сайхныг хол, ойроос хир чимээлж байна Герасимович багшаа?

-Энд ирж байсан монголчууд, Монголд байнга шахуу очдог Мария Павловнагийн ярианаас, аа саяхан миний нэг аспирант бас Монгол яваад ирсэн. Монголыг маш их европжсон гэж сонслоо. Надад бас Анна Дамдина Улаанбаатарын тухай ярьж байсан л даа. Тэр олон баарууд, гялтганасан гэрлүүд, замын хөдөлгөөн гээд л. Би магадгүй алдаатай ойлгож байж ч мэднэ. Тэгвэл уучлаарай. Улс үндэстнүүдийн дунд нэгдэл явагдаж байна. Энэ нь Монголд хэр хамаатайг хэлж мэдэхгүй юм. Англид амьдрахыг хүсч, англичуудаас ялгагдахааргүй болж байна. Италид амьдарч италичуудтай адилхан болж байна. Энэ бараг одоо моод болж байна гэж хэлмээр байна. Намайг ажиллаж байх хугацаанд, 90-өөд оны сүүл хүртэл шүү дээ, тухайн үеийн монголчууд бусад улс, үндэстнээс ялгарч чаддагаараа бахархдаг байсан. Тэр үеийн Монголын талаарх миний анхны сэтгэгдэл «ер бусын» байлаа. Ер бусын. Бөглүү буйдхан газрууд, хот айлууд, мэдээж өргөн уудам тал хээр нутаг гээд л. Одоо тэр эзгүй тал нутагт айлууд нүүж ирсэн эсэхийг би мэдэхгүй. Үнэндээ хөдөө дан гэртэй айлууд байдаг байсан. Үүгээрээ Улаанбаатараас ялгарч байсан гэх үү дээ. Тэр үед яг тэр байгаагаар нь Монголыг хүлээж авах, эсвэл авахгүй байх гэсэн хоёр сонголт миний өмнө байлаа. Би шууд л хүлээж авсан. Харин одоо Тиймээс одоо таны амьдарч байгаа Монгол тэр үед байсан бол, магадгүй би хүлээж авахгүй байсан байх.

-Хот хөдөө хир ялгаатай байсан талаар та сая дурдлаа. Хөдөө явж байсан талаараа, мөн онцгой дурсамж үлдээсэн тийм тохиолдол байвал та бидэнд ярьж өгөөч?

-Ер мартаж чаддаггүй нэг зүйл бий. Бурхан болсон Удвал гуайтай холбоотой юм л даа. Удвал гуай тэр үед Ардын их хурлын гишүүн байлаа. Гишүүн бүр Монгол улсын зарим бүс нутгийг хариуцаж ажилладаг байсан юм. Ингээд, нэг өдөр, Удвал гуай надад Өмнөговь руу хамт явах санал тавьдаг юм байна. Машинаар. Тэгэхэд нөхөр нь түүнд: - Чи лав солиорсон байх. Орос мэргэжилтэнг алах чинь дутаа юу? Дараа нь лав чамд сайн юм болохгүй гэж байсан юм. Тэгээд надад тэд дэгтий өмсүүлж, дах өгч, ер нь л намайг сайн гэгчийн дулаалж аваад замдаа гарав аа. Газ машинаар. (Одоохон та нарын асуултанд хариулна аа. Та нарт магадгүй сонин байх байх гэж бодлоо.) Бидэнтэй тэгэхэд нэг яруу найрагч залуу хамт явж байсан юм. Нэр нь Найманжин. Магадгүй та нар энэ хүний тухай сонссон байх. Би номондоо түүний тухай бичиж байгаагүй л дээ. Тэр тийм ч нэртэй зохиолч байгаагүй юм. Бидэнд үйлчлэх гэж хамт явж байсан гэх үү дээ. Ингээд бид замынхаа нэгээхэн хэсгийг туулаад явж байтал, аймшигтай цасан шуурга шуурч эхлэв ээ. Аймаар шуурч байсан юм. Тэгэхэд Удвал гуай инээж: - Нөхрийн маань зөв байж. Би таныг алах нь. Намайг орос мэргэжилтэнг алчихлаа гэнэ дээ гэв. Тэгэж явсаар бид Дундговийн төв Мандалговь дээр зогслоо. Тэгэхэд тэнд тэр үеийн алдартай зохиолчдын нэг С.Дашдооров гуай гэр бүлийн хамт амьдардаг байсан юм. Ингээд бид өрөөг халаах тогоо, бас хэдэн ортой жижигхэн зочид буудалд хоноглохоор боллоо. Гэвч биднийг ирнэ гэж хүлээж байгаагүй болохоор өрөөнд халаалт байхгүй, ёстой та нарын хэлдгээр гунан үхрийн эвэр хөлдөхөөр хүйтэн байсан юм даг. Дүн өвөл байсныг ч хэлэх үү. Би Удвал гуайд: - Та яахыг мэдэхгүй. Би нүүр гараа угаамаар байна гэхэд Удвал гуай: -Яаж? гэв. Би: -Их амархан гээд гар нүүрээ хирнээс нь аль чадахаараа салгалаа. Удвал гуай, тэгвэл би ч гэсэн угаая гээд угаалаа. Ингээд бид унтахаар хэвтэцгээв. Доороос хүйтэн хайрч байна гэж жигтэйхэн. Би нөгөө дахтайгаа. Удвал гуай:  -Би ч жинхэнээсээ орос эрдэмтнийг алах нь ээ. Энэ ч үнэн боллоо дог шүү гэв. Хамгийн сонин нь, би тэр шөнө бөх гэгчийн унтсан байсан юм даг. Удвал гуай ч мөн адил. Өглөө биднийг босоход нар мандсан байв. Ямар ч цас алга. Цэлийм тал. Элсгүй. Ингээд бидэн дээр С.Дашдооров гуай ирж биднийг гэртээ аваачин, цай чанаж өгч, буузаар дайлав. Дайлуулж аваад л цаашаагаа замдаа гарлаа даа бид хэд. Намайг гайхшруулсан нэг зүйл гэвэл, ямар ч зам байхгүй байсан явдал байв. Өөрөөр хэлбэл, жолооч ямар ч замгүй байхад яваад л байлаа, яваад л байлаа. Яаж очих газраа хүрэх гэж байгаа юм бол доо гэж би дотроо бодож билээ. Гэтэл жолооч нараар баримжаалж явж байсан нь тэр байж. Энэ үнэхээр онцгой байсан. Үнэхээр. Замд айлууд бараг тааралдаагүй. Тал. Тал. Тал. Нар. Үнэхээр онцгой байсан. Би олон газар орноор явж байгаагүй л дээ. Гэхдээ Монголынх шиг цэлмэг хөх тэнгэр өөр хаана ч байдаггүй байх. Үнэхээр сайхан.

(Л.К: Цай хүйтэн байна уу? Би түр ярихаа завсарлая. Харин та нар торт ид. Монголд бол эхлээд цайлаад дараа нь ярилцах байсан даа. Инээв)

Замд, аа үгүй буцах замд юм байна бид Даланзадгадад ирлээ. Удвал гуай Европт боловсрол эзэмшсэн төмөр хатагтай. Зан аашийн хувьд юу гэж хэлмээр юм дээ. Бид бие биедээ буулт хийж өгч байгаагүй гэх үү дээ зан аашаараа. Удвал гуай: -Та өлсөж үхэх нь байна ш дээ гээд надад толгой, цувдайг юутай хээтэй нь чанаж өгөв өө. Би бас л: -Үүнийг би идэж чадахгүй нь гэлээ. Гэвч эцэст нь яаж ийж байгаад зарим нэгээс нь идэв ээ. Юу юу идсэнээ одоо санахгүй байна. Үүнээс болоод би хордлого авсан юм. Хэдий бие маань сайнгүй байсан ч аймгийн удирдлагуудтай уулзахаар тэдэнтэй хамт явлаа. Уулзалтыг яаж өнгөрөөхөө үнэхээр хэлж мэдэхгүй байсан юм. Тэд намайг биш, Удвал гуайг тосч, хүлээж авч уулзах байсан ч Зөвлөлтийн мэргэжилтэн нэр хүндтэй байсан цаг. Надад их л хүндэтгэл үзүүлж, хүлээж авлаа. Удвал гуай надад: -Конъяк уугаад үзвэл яасан юм бэ та. Тус болж магад гээд коньякаас ахиухныг хундаглаж өглөө. Би ч уучихлаа. Нөгөө өвдөөд байсан хүн үнэхээр зүгээр болчихдог юм байна. Гайхмаар нь би нэг ч секунд гэхэлзэлгүй уучихсан. Магадгүй тэр их конъякаас сүрдсэн байх л даа. Ингээд бид явцгаалаа (аймгийн хурлын заал). Их олон хүн цугларчээ. Би хэзээ ч монголоор сайн ярьж байгаагүй. Харин тэр үед монголоор ярьж чадаж байсан юм. Надад үг хэлэх боломж олгох тэр үед зааланд байсан бүх хүмүүс босч яг ингээд л (өөрөө үзүүлэв) алга ташиж эхэллээ. Би ч ичсэндээ “Ээ, бурхан минь, индэрээс уначих вий дээ” л гэж бодож байв. Миний дараа Удвал гуай, тэгээд өөр хэд хэдэн хүн ярив. Үүний дараа бид Гурвансайхан луу хөдөллөө. Гурвансайхан бол өндөрлөг ар газар. Нэлээн өндөр. Ингээд бид тийшээ ойртож очиход надад ингэж хэлмээр санагдаж байсан юм. Та нар Рерихийн зургуудыг харсан эсэхийг би мэдэхгүй байна. Хэрвээ та нар харж байсан бол тэнд хот хөх ягаан өнгөтэй байдгийг анзаарсан байх. Гурвансайхан яг л тийм өнгөтэй байсан. Үнэхээр хөх ягаан өнгөтэй байсан. Дээшээгээ жаахан ахиулж харвал нөгөө сайхан хөх тэнгэр, харин доошоогоо яагаад ч юм ягаан өнгөтэй. Доороосоо ягаан, дээрээсээ хөх. Тэр үед би нэгэн их яруу найрагчийн мөртийг хэлэхийг хүсч билээ. “Остановись, мгновенье! Ты прекрасно!” гэж (И.В. Гёте «Фауст» 1 хэсэг.). Яагаад гэвэл үнэхээр тийм байсан юм. Гэхдээ гол нь үүний тухай ярих гээгүй юм. Буцах замдаа бид гэрт хоноглолоо. Нэлээн тохилог гэр байв. Ингээд би Удвал гуайд хэллээ: -Ямар нэг дуу дуулаач ээ. Монголчууд дуулах дуртай шүү дээ гэж. Удвал гуай тэгэхэд: -Аль хэдийн орой болжээ. Хажуу айлын хүмүүсийг амрахад нь саад болж болохгүй гэлээ. Тэр үед надад үнэхээр ичгэвтэр санагдаж билээ.  

-Гэнэт тэгэж хэлнэ гэж бодоогүй байх л даа та?

-Тийм шүү.

-Ингэхэд та монгол хүнтэй анх хаана танилцаж байв. Монголд уу, эсвэл Санкт-Петербургт уу?

-Петербургт. Энд сурдаг цэргийн анагаахын академийн оюутнуудтай. Эхлээд нэгэнтэй нь, дараа нь нөгөөтэй нь танилцаж байлаа. Тэгээд л бүгдээрээ нөхөрлөцгөөсөн дөө. Харин хамгийн сүүлд миний уулзсан монгол бол Цэдэв байлаа. Хэдэн жилийн өмнө манайд ирж байсан. Бид бие биенээ их сайн ойлгоцгоодог юм. Учир нь, би түүнийг зохиолч гэдгээр нь маш сайн мэднэ. Харин тэр намайг Зохиолчдын хорооны дарга, сэтгэлэг нэгт судлаачийн хувиар хүлээж авч уулздаг байлаа.

-Цэдэв гуай гэснээс түүний тантай хийсэн ярилцлагыг уншиж байсан юм байна. Та Цэдэв гуайг ирэхэд яагаад Монголын зохиолчдын танд бичсэн бүх захиаг өгөөгүй юм бэ?

-Үгүй ээ, би бүх захиануудыг устгасан шүү дээ. Сүүлийн хэдэн жил бүгдийг нь устгасан. Би удахгүй нөгөө ертөнц рүү явах гэж байна. Тийм болохоор өөр таних мэдэхгүй хэн нэгэн захиануудыг уншаасай гэж хүсээгүй юм. Учир нь эдгээр нь хэт хувийн чанартай захидлууд байсан. Яах гэж? Хэнд хэрэгтэй гэж? Эдгээр захидлууд надад мөн тэр хүмүүст л хэрэгтэй байсан шүү дээ. Өөр хэнд ч биш. Би ийм зүйлд таатай ханддаггүй. Алдартнуудын дурсамж, дурдатгалуудыг уншиж байх үед тэнд ихэвчлэн хувийн чанартай захидлуудыг оруулсан байдаг л даа. Бүхий л хувийн захидлууд хоорондоо адилхан.

-Та С.Эрдэнэ гуайн тухай бидэнд ярьж өгч болох уу? Түүний талаар танд тодхон үлдсэн ямар дурсамжууд байна вэ?

Тэр меланхолик. Би ч мөн адил. Эрдэнийн эзэмшсэн мэргэжил нь сэтгэл мэдрэлийн эмч. 1962 онд намайг Монголд анх очих үед Зохиолчдын холбоон дээр биднийг урьсан юм. Тэнд нэлээд хэдэн зохиолчид цугларчихсан. Тэдний дунд Эрдэнэ байж байлаа. Тэнд залуухан монгол, буриад охид ч бас байсан юм. Гэвч тэр яагаад ч юм намайг маш удаан ажиглаж харж байсныг би тодхон санаж байна. Тэгээд тэр ингэж хэллээ -Та монгол судлаач уу? Би харин Германд байсан. Мэргэжил маань сэтгэл мэдрэлийн эмч. Би хариуд нь -Тийм болоод та над руу тэгтлээ хараад байсан байх нь ээ. Учрыг нь одоо л оллоо гэж хэлсэн юм. Түүнээс хойш бид, за бараг өдөр болгон тааралдаж, уулзаж байлаа. Олон янзын зүйлийн талаар ярилцдаг байв. Амьдралын талаар. Хүмүүсийн тухай. Хүн ямар байх ёстой вэ гээд л. Бидний үзэл бодол яв цав тохирч байсан юм. Тийм болохоор энэ сэдвүүдээр урт гэгчийн яриаг өрнүүлдэг байж билээ. Энэ тухай хэчнээн ч ярьсан бидэнд ер уйтгартай байгаагүй юм. Тиймээс л бие бие рүүгээ захиа бичиж байлаа. Мэдээж хувийн чанартай захидлууд. Ингэж бидний хувийн харилцаа эхэлсэн гэх үү дээ. Үүнээс зугтаах арга байгаагүй. Минийхээр, бүх зохиолчид энэ тухай мэдэж байсан байх. Бас нэг санаж байгаа зүйл бол, Зохиолчдын хороо хүлээж авч уулзахад, энэ Цагаан сартай холбоотой. Тэнд байсан айрагнаас надад аягалж өглөө. Эрдэнэ тэр үед над руу дөхөж ирээд: -Та амсаад өгч болно. Бүгдийг нь уух шаардлагагүй гэлээ. Хэрвээ би таны хэлснээр амсаад өгөх юм бол, үүнийг яаж хүлээж авах вэ гэхэд тэр: -Зөвөөр ойлгож, хүлээж авна гэсэн юм. Одоо бодох нь ээ, тэр намайг эвгүй байдалд орохоос аварсан юм шиг санагддаг юм. Гэнэт санаанд орлоо. Би буруу бодож байж болох юм. Гэхдээ надтай харилцдаг ихэнх хүмүүс аливаа юмыг их хялбараар хардаг. Ямар зүйл миний хувьд хэцүү вэ гэдгийг тайлбарлахад надад хэцүү байна л даа. Ямартаа ч тэр ямар нэгэн байдлаар сэтгэл зүйгээр ажиллаж эхэлсэн анхны зохиолч байсан юм шүү дээ. Тиймээс энэ нь түүний зохиолуудад заримдаа илүү сайн, заримдаа тааруухан гарч өгсөн байдаг юм. Гэхдээ сэтгэл зүйн асуудлаас өөр түүний зохиолуудад үнэндээ юу ч байхгүй.

-Гадаадын болон дотоодын монголч эрдэмтдээс та ямар хүмүүстэй илүү дотно нөхөрлөж байв?

Гэхдээ би Унгарын Каратай (Д.Кара) их дотно байсан. Яагаад гэж бодож байж магадгүй. Яагаад гэвэл Кара бол Лигетигийн (Л.Лигети) шавь юм. Харин Лигети Владимирцов (Б.Я. Владимирцов), мөн Козин (С.А. Козин) нартай их дотно холбоотой байсан юм. Лигети нэг зүйл гэрээсэлсэн нь, аа үгүй, үгүй тэр үед амьд байсан. Тэр нэг зүйл биднээс шаардсан нь, шавь Карагаа зөвхөн Ленинградын Их сургуульд эрдмийн зэрэг хамгаалуулах явдал байлаа. Тэр үед би тэнхимийн эрхлэгч байсан. Кара ч ирлээ. Мэдээж би түүнд тусалж, дэмжсэн. Ганц би ч биш Кляшторн (С.Г.Кляшторный) бас их тусалж байсан. Ажил нь хэл шинжлэлийн чиглэлээр байсан юм даг. Юу билээ сайн санахгүй байна.

Нүүдэлчин Монголчуудын ном» нь их алдартай?

-Аа тийм, тийм «Нүүдэлчин Монголчуудын ном». Энэ үед би докторын зэргээ «Монгол шүлгийн тогтолцоо»-оор хамгаалсан байсан цаг. Миний бичсэн ажлыг Кара их сонирхож, тэгээд Будапештийн Их Сургуулийн ректороор дамжуулж намайг «Монгол шүлгийн тогтолцоо»-ны тухай сарын хугацаатай лекц уншуулахаар сургуульдаа урьсан юм. Мэдээж монгол хэл шинжлэлийн тэнхимд. Кара тэгэхэд тэнхмийн эрхлэгч нь байсан. За ингээд тэнд сар лекц уншлаа. Шударгаар хэлэхэд лекцээ би монголоор уншаагүй. Тэр тусмаа шүлгийн тогтолцооны талаар монгол хэл дээр уншина гэдэг... Тиймээс Карагаар орчуулагч хийлгэж байлаа. Хожим Карагаас олон захиа ирсэн дээ. (Түр чимээгүй болов). Бид сайн найзууд байлаа. Кара энд ирэхээрээ дандаа манайхаар зочилдог байв. Хэдий ажилтай байсан ч, түүнийг ирэхэд нь би байнга дагаж явдаг байлаа. Бид хамтдаа филармони орно. Тэр хөгжимд их дуртай. Будапештэд бид мөн Унгарын симфони найрал хөгжмийн концерт үзэж байлаа хамтдаа. Мартахын аргагүй концерт байсан. Бас унгараар дуулж байсан гилбэрийн хатанг би огтхон ч мартдаггүй. Бид олон жил захиагаар харилцсан даа. 87 оныг хүртэл. Дараа нь тэр Америк руу явсан. Тэгээд л холбоо тасарсан даа.  

-Таны 90 насны ойд зориулж таны шавь, доктор С.Байгалсайхан гуай энэ номыг гаргасан шүү дээ «Монгол бол миний хайртай орон Хоёрдахь эх орон минь билээ» гээд. Энэ талаар таны сэтгэгдэл?

-Би аль хэдийн Байгалсайханд захиа бичсэн. Миний талаар тэнд юу хийгээд байгааг чинь бурхан л мэдэх байх аа. Яах гэж? Ямар хэрэгтэй юм бэ? Илүү даруухнаар тэмдэглэж, хийж болно шүү дээ. Даруухнаар гэж. Харин тэр надад: (сэтгэл хангалуун инээв).

-Би ч гэсэн Байгалсайхан гуайтай санал нэг байна?

Тиймээс надад яагаад ч юм, минийхээр юу ч хийхгүй ч байсан болох л байсан. Би ингэж бодож байна. Гэхдээ зарим нь өөрөөр харж байж болно л доо. Нэг зүйлийг хэлэхэд, тэр хивс бол Байгалсайханы надад өгсөн хивс. Тэр Чингис хивс. Тэр диссертацийн ажлаа хамгаалсны дараа энэ хивсийг авчирч өгсөн юм. Би түүнд: - Хэрвээ та авчирсан бол зүүж өгөөд яваарай гэсэн юм. Яагаад гэвэл надад энэ хивсийг өргөх чадал байгаагүй. Тэр ч байтугай нөхөр маань ч өргөж дийлэхээр чадалтай байгаагүй юм (инээв). Тиймээс энэ Байгалсайханы бэлэг. Энд байгаа бүх юм хэн нэгний надад бэлэг болгож өгсөн зүйлүүд.

-Бүгд Монголтой холбоотой юу?

-Мэдээж тийм. Би маш ихийг тарааж өгсөн. Манайд Цагаан дарь эх, Ногоон дарь эх байсан. Би тэд нарыг Бадмаев Морхаевичид (Б.М.Нармаев) өгсөн. Олон зүйлийг тараасан. Гар бичмэлүүд байсан. Надад бас бэлэглэж байсан юм. Бас нэгэнд нь өгсөн. Ер нь маш олон зүйлийг бэлэглээд тараасан даа. Надад энэ бүгд хэрэггүй шүү дээ одоо. Бэлэг дурсгалын зүйл ямар их байсан гээч.

-Хамгийн нандин ямар бэлэг байсан бэ? Эсвэл бүх бэлэг танд ямар нэгэн хэмжээгээр үнэ цэнэтэй, нандин байв уу?

Энэ байна (нэг жижигхэн бурханыг номын шүүгээнээсээ гаргаж ирж үзүүлэв). Үүнийг надад Зохиолчдын хорооны номын санч Чойндон гэдэг хүн өгсөн юм. Тэр: - Би таныг үүнтэй хамт гэртээ сайн хариасай гээд бэлэглэж байна гэж хэлээд өгсөн юм. Энийг би хэнд ч өгөөгүй. Яагаад гэвэл энэ бэлэг миний хувьд маш эрхэм бэлэг байсан учраас тэр.

-Таны өрөөнд байгаа эдгээр номууд таны номын сангийн гол хэсэг нь үү?

-Номнуудын маань ихэнх нь таны ард байна. Харин 40, 50-аад оны үеийн нэг хэсэг ном өөр газар бий. Тэнд голдуу бэлгийн номууд бий. Харин энд хуучны зохиолчдын бичсэн номууд голдуу. Ямар ч шинэ ном байхгүй. 90-өөд оны дундаас би юу ч хүлээж аваагүй. Гэхдээ, зарим нь номоо илгээж байсан. Элчинд ажилладаг миний шавь Скородумова (Л.Г.Скородумова) номоо илгээж байсан. Номуудаасаа заримыг нь би бас хүмүүст өгсөн.

-Таны ажлын арга барилыг сонирхож болох уу Герасимович багшаа. Таны яаж ажилладаг их сонирхолтой байна.?

-Ажиллаж байсан.

-Одоо та ажиллахгүй байгаа юу?

-Үгүй ээ, юм хийхгүй байгаа. Арга барил гэвэл. Хэлийг дуртай цагтаа, ямар ч нөхцөлд судалж болдог. Үүгээрээ хэл уран зохиолоос ялгарч байдаг. Яагаад гэвэл, ямар нэгэн байдлаар тодорхой шинжлэх ухаан юм л даа хэл. Уран зохиол бол хүний сэтгэл зүрхтэй холбоотой зүйл юм. Хэдийгээр би 53 оноос эхэлж ажилласан ч, Монголын тухай өөрийнхөө анхны номоо 10 жил бичиж байж жаахан дөхүүлсэн. Гэхдээ би бичиж чадаагүй. Яагаад гэвэл, тэр бүхэн надаас хол, үхмэл, нэг тийм бодьтой биш зүйл байсан юм. Тэгээд би Монгол руу явж бүх зохиолчидтой, бүүр бүгдэнтэй нь уулзаж танилцлаа. Номын санд. Арай өөр маягаар баригдсан тийм барилга. Тэр үед тийм барилга ховор байсан. Тэнд номын сан байдаг байсан юм. Одоо ч байгаа байх. Түрүүн ярьж байсан номын санч Чойндон гуай сууж байна. Би зохиолчидтой ярилцахын тулд зохиолчид өөрсдөө энд над дээр ирэхийг Удвал гуайгаас гуйсан байсан юм. Өөрөөр хэлбэл, хэнтэй, ямар хүнтэй (уран бүтээлээр) холбогдож ажиллаж байна вэ гэдгээ эхэлж мэдэх нь надад чухал байлаа. Ер нь хүний дотоод ертөнц түүний зохиол бүтээл хоорондоо нийлэхгүй байх нь ховор байдаг л даа. Гэхдээ заримдаа зохиолч өөрт таалагдаагүй зүйлийг нэмж хачирлах нь бас бий. Тиймээс, би юун түрүүнд хүнтэй нь тулж уулзаж, танилцахыг хүссэн нь тэр. Ингэж явахдаа Монголд би юу ч бичээгүй. Зөвхөн сэтгэгдэл цуглуулж байлаа. Тэгээд ирээд нэг жилийн дотор би номоо биччихсэн. Яагаад гэвэл, тэд бүгдээрээ (түр чимээгүй болов) миний хувьд амьд, ойр дотно байсан юм. Номондоо Эрдэнийн тухай, Гайтавын тухай, өөр Явуухулангийн талаар гээд л бичсэн. Энэ тухай маш удаан ярилцаж болно. Их урт түүх. Яагаад гэвэл, хүн бүр юу гэж хэлмээр юм дээ. Уянгын нийтлэл бичдэг Гайтав гэхэд л тийм шударга хүн байсан. Бугын тухай найраглалаа тэр бичих ёстой байсан учраас бичсэн юм биш. Яагаад гэвэл бичихгүй байж чадаагүй байхгүй юу. Үүнийг нь хүмүүс өөрөөр ойлгодогт тэр маш их сэтгэл дундуур явдаг байсан. Гайтавын нүүр салхин цэцгээс болж цоохортсон. Түүнийг архи уудаг гэж ярьцгаадаг байлаа. Би энэ талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би хэзээ ч түүний согтуу явахыг хараагүй. Мөн тэр их хайнга хувцасладаг хүн байсан. Ингээд нэг өдөр бид хоёр гудамжинд таарав аа. Тэр намайг эхэлж хараад зогсоосон юм. Их хаалттай хүн. Яагаад намайг зогсоосныг нь одоо хүртэл би бодоод олдоггүй. Бид ярьж зогслоо. Маш хүйтэн байсан. За бараг хоёр цаг гаруй ярьсан байх. Магадгүй тэгэхэд надад тэр хүн сэтгэл доторхоо уудалж ярьсан юм болов уу. Мэдэхгүй юм. Таныхаар жинхэнэ зохиолч гэж хэн бэ?, Ямар хүнийг жинхэнэ зохиолч хүн гэх вэ? Маш сайн зохиолч найз нь хэн байсныг, тэр найзынхаа тухай, тэд нар яагаад одоо нөхөрлөхөө байсныг, энэ нь түүний дотоод сэтгэлд хэрхин нөлөөлсөн гээд л. Би үнэхээр гайхаж байсан юм. Магадгүй миний монголчуудад өгсөн хайр бүгдэд илэрхий байсан болоод тэгсэн үү. Бүх л зүйлээ надад ярьж байсан юм. Бүгдийг шүү. Ингэхэд яагаад би энэ тухай ярьж байгаа билээ. Аа тийм. Тийм болохоор номоо бичиж эхлэх тэр үед тэд бүгдээрээ миний нүдний өмнө харагдаж байсан юм. Би бичиж чадсан. Надад бичихэд их хялбар, амархан байсан. Үнэндээ 10 жилийн турш бичиж чадаагүй зүйлээ нэг л жилийн дотор биччихсэн. Энд би нэг зүйлийг саналаа. Уянгын яруу найрагч Явуухулан гуай Москвад утга зохиолын дээд сургуулийг төгсөөд эх орондоо буцаж ирсэн байсан цаг. Энд (Оросод) түүний дипломын ажлыг орос хэлэнд орчуулсан юм. Их сайн шүлгүүд байсан. Харин монголчууд өөрөөр хүлээж авсан. Энэ бол монгол хайр биш. Энэ бол европ хайр. Товчхон хэлбэл нэг иймэрхүү. Би өөрийгөө Явуухулан гуайтай дотны найзууд байсан гэж хэлж чадахгүй. Хөгжилтэй дурсамжууд мэдээж байсан. Нэг удаа үдэшлэгт урилаа биднийг. Сайн санахгүй байна ямар нэгэн юмны ойд зориулж хийж байсан юм даг. Тэнд бүх зохиолчид ирсэн байв. Бүгд өөрсдийнхөө шүлгүүдийг унших ёстой байлаа. Нэг ийм хэсэг. Явуухулан шүлгээ уншихаар гарлаа. Гарахынхаа өмнө тэрээр ямар шүлгээ уншвал зүгээр вэ гэж надтай зөвлөлдөв. Түүнд нэг ийм шүлэг “Амарэ Амарэ Амархан амарэ” байдгийг би хэлээд энэ чинь зүгээр гэлээ. Тэгээд ч энэ шүлэг орос хэл дээр бас орчуулагдсан байсан юм. Явуухулан гарлаа. Европ маягаар хувцаслажээ. Хэдий өвөл байсан ч лакан гутал өмссөн байв. Тэгээд л уншлаа даа Амарэ Амарэ Амархан амарэ гээд л. Түүний дараа Гайтав гарч шүлгээ уншлаа. Тэрээр өнгөлж тослоогүй гуталтай. Өмссөн пиджак, өмд нь аль хэдийн элэгдэж хуучирчээ. Тэгээд “Зөвлөлтийн паспорт” гэдэг шүлгийнхээ орос орчуулгыг уншлаа. Энэ бүхэн үнэхээр (их л хөгжилтэйгээр инээв). Та нар миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа үгүйг би мэдэхгүй юм.

Л.К. Герасимович шавь Е.А. Кузьменковын хамт. Зогсож буй 2 багш монгол судлаачид биш, өөр тэнхмийнх багш нар болно

-Та ийм олон хүмүүстэй уулзаж, ярилцаж, олон зүйлийг харж өнгөрөөсөн байж яагаад энэ бүгдийн тухай дурсамж ном бичдэггүй юм бэ?

-Үгүй дээ. Би чадахгүй. Чадахгүй юм байна лээ. Бүгд байхгүй болсон. Харин би ганцаараа амьд. Цэдэв бас. Тийм болохоор (санаа алдав).

(Л.К: цай лав хөрсөн байх. Халуун цай ууцгаах бол хэлээрэй. Э.М. Хөрөөгүй байна. Харин та өөрөө цай уухгүй юм уу? Л.К:- Үгүй дээ. Би Монголоос буцаж ирсэн эхний үеүддээ манайхаар ирсэн монголчуудад монгол сүүтэй цай чанаж өгдөг байлаа. гэж би боддог)

-Б.Ринчен гуай Ленинградад хэд хэдэн удаа ирж байсныг би сонсож байсан юм. Та ирэхэд нь уулзаж, ярилцаж байв уу түүнтэй?

-Тийм ээ бид хоёр уулзацгааж байсан. Миний номонд тэр ороогүй. Яагаад гэвэл, Би түүнтэй Монголд тааралдаж байгаагүй. Тэр Дамдинсүрэн гуайтай тийм ч сайнгүй харьцаатай байсан. Яагаадыг би мэдэхгүй. Бие биедээ лав дуртай байгаагүй. Би Дамдинсүрэн гуайн зохиолуудын талаар диссертацийн ажлаа бичиж байсан. Харин Ринчен гуайн зохиолын талаар ажилдаа дурдаагүй байсан юм. Ринчен гуай нэг удаа Ленинградад ирлээ. Би тэгэхэд аспирант байсан юм. Тэгээд намайг түүхийн тэнхимд ирээч гэж урилаа. Ярилцахаар. Бид тэнд жаал сууж юм ярьцгаав. Гэтэл гэнэт тэр надаас Монголын зохиолчдоос хэн нь танд илүү таалагддаг вэ? гэж асуудаг юм байна. Би ч Дамдинсүрэн гуай. Би түүний зохиолуудаар диссертацийн ажлаа бичиж байгаа гэлээ. Тэр сонсоод инээмсэглэсэн юм. Үүнээс хойш нэлээн олон жилийн дараа, өглөө нэлээн эрт утас дуугарч байна. Чамтай яръя гэж байна гэхээр нь Дамдинсүрэн гуай ярьж байна гэж бодоод их л баярлан очиж утсаа аван шууд л -Дамдинсүрэн гуай юу? гэтэл -Үгүй ээ, Ринчен гуай байна. Би Ленинградад ирсэн байна. Тантай уулзах гэсэн юм. Та хүрч ирж чадах уу гэлээ. Би ч мэдээж чадалгүй яах вэ гэж хэлээд түүний хэлснээр өдөр 12 цагийн хавьд яваад очлоо. Тэр «маш» элэгсгээр намайг тосч уулзав. Ринчен гуай бүхэлдээ монгол үндэснийхээ хувцасаар хувцаслажээ. Дээл, малгай бүүр гутал нь хүртэл монгол гутал. Тэгээд бид хэсэг хуучилцгаасны дараа би түүнийг дагуулан Угсаатны музей рүү явахаар болов оо. Такси баръя гэтэл Ринчен гуай алхаж явмаар байна гэх нь тэр. Тэгээд алхлаа даа. Замд таарсан бүхий л хүмүүс бидэн лүү сониучирхан, ахин дахин харж өнгөрсөөр. Хоёул угсаатны музейгээс эхлээд л өдөржин баахан явав. Тэгээд орой зургаа байна уу, долоон цагийн үед Ринчен гуайн буудалласан буудлын ойрмогхон ирлээ. Би ч нэлээн ядарсан байв. Харин Ринчен гуай ер ядарсан шинжгүй ахиад цааш юм үзье гэж байна. Ядарч байна, чадахгүй нь ээ гэж хэлэлтэй биш. Санаа зовоод, яахаа мэдэхгүй гайхшраад зогсож байтал гэнэт байшингийн цаанаас гадаадууд болов уу даа гэмээр хэсэг нөхөд гарч ирж яваа нь харагдав. Тэд хажуугаар өнгөрөхдөө Ринчен гуай руу их л гайхан харж байснаа “Дееед морооз! Дееед морооз (дед мороз) гэж хашгиралдацгаах нь тэр. (Бид инээцгээлээ). Ринчен гуай үүнд маш их ундууцаж надад шууд л “За, баяртай” гэж хэлээд буудал руугаа буцсан юм даг.

-Та олон монгол хүмүүстэй нөхөрлөж, уулзаж явжээ. Монголчуудтай харьцахад танд соёл хоорондын ямар нэгэн бэрхшээл гарч байсан уу?

-Үгүй. Монголчуудтай харьцахад хэзээ ч, ямар ч бэрхшээл надад гарч байгаагүй. Над дээр докторынхоо ажилд шүүмж бичүүлэх гэж ирсэн нэг монголыг эс тооцвол шүү дээ. Тэр үед би ажлаа хийж байсан цаг. Тэр тусмаа их бүдүүлэг алдаанууд хийсэн байсан юм. Угаасаа ямар ч ажилд алдаа байж л байдаг. Алдаа мадаггүй төгс ажил гэж байдаггүй. Ямар нэг буруу зүйл байж л байдаг. Үргэлж аль нэг зүйлийг нь засах, янзлах гээд. Заримдаа бүүр тэр чигээр нь өөрчлөх ч шаардлага гардаг. Тэр надаас гуйгаагүй ч, би энэ бүхнийг хэлэх ёстой гэж бодоод л хэлсэн.

-Мэргэжлийн хүний хувьд биш, хувь хүний зүгээс таны шүүмжүүдийг хүлээж авсан гэсэн үг үү?

-Тийм гэж бодож байна. Би: -Өөө, ямар сайн ажил болоо вэ, гайхалтай, бүгдээрээ сайн болж гэж хэлээгүй. Миний ингэж хэлээгүй нь түүний дургүйцлийг их хүргэсэн юм болов уу. Тодруулж хэлэх юм бол тэр надад миний шүүмжүүдийг буцааж өгсөн. Монголчуудын үндэсний нэг онцлог гэдгийг би хэлэх ёстой. Ямар нэгэн зэмлэл хэлбэл монголчууд дуртай хүлээж авдаггүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд би дахиж ийм зүйлтэй тохиолдоогүй ээ.

-Та юу гэж бодож байна хүмүүс их өөрчлөгдсөн үү. Тухайлбал, 90-ээд оноос хойш. Мэдээж ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн нь тодорхой. Муу болсон байна уу, эсвэл ...?

-. Таныг, биднийг энэ амьдрал хэлбэржүүлж бүрэлдүүлж байна. Тийм болохоор түүний эсрэг та сөрж зогсож чадахгүй шүү дээ. Чадахгүй. Үгүй бол та амьдарч чадахгүй. Тийм биз дээ? Гэхдээ л миний бодлоор ямар ч байсан хүний зарим нэгэн үнэт чанарыг хямгадаж, хайрлаж байх хэрэгтэй болов уу.

-Таныг нөхөртэйгээ 50 гаруй жил амьдарсан гэж энэ номноос уншсан. Үнэнийг хэлэхэд одоо үед салалт их болсон. Гурав юм уу дөрвөн жил амьдраад зарим гэр бүлүүд салдаг болж?

-Манай нөхрийн хувьд ч тэр, миний хувьд ч тэр бидний гэрлэлт хоёр дахь нь байсан юм. Энэ чинь 1949 онд юм байна. Гэнэтийн хайр байсан. Тэгэхэд тэр хятад судлаач. Багшилж байсан юм. Би харин төгсөх курсийн оюутан байлаа. Тэр надаас найман насаар ах. Бид бие биенээ хараад л ойлгоцгоосон. Тэгэхэд бид бие биенээ огтхон ч таньдаггүй байсан. Би түүний талаар мэддэггүй, тэр миний талаар бас мэддэггүй байсан. Гэхдээ намайг оюутан байсан болохоор хүнтэй гэрлээгүй байх гэж бодож байсан байж магадгүй. Мэдэж болох юм нь ердөө л энэ. Бид бие биенгүйгээрээ амьдарч чадахгүй юм байна аа гэдгээ л ойлгоцгоосон. Үнэхээр чадахгүй байсан. Энэ чинь Парк Бюро дээр. Тэнд нэг уулзалт болж байсан юм. Октябрийн хувьсгалын хэдэн жилийн ойд билээ дээ зориулсан. 19-49 он хүртэл гээд бодохоор... За, хэд байх нь чухал биш дээ. Бид тэнд сайн дурын уран сайханчдын тавих илтгэлүүдийг сонсож байсан юм. Би намын зохион байгуулагчаар байлаа тэнд. Харин тэр намын товчооны гишүүн учраас тэнд байсан юм. Ингэж л бид тэнд бие биенээ олж харцгаасан даа. Уулзалт тарж бид гарцгаалаа. Тэр надаас: -Та хаана амьдардаг вэ? гэж асууж байна. Би ч хаана амьдардагаа хэллээ. Тэр: -Манайх бараг танай хажууханд юм байна. Явган алхаад харьцгаах уу гэлээ. Би ч за тэгье гэв. Манайх Восстаниед байдаг байлаа. Эндээс нээх хол биш. Харин тэднийх Советскийгийн хоёрт. Эндээс бас нээх хол биш. Ингээд бид хамгийн тойруу замаар Невскийн гудамжаар биш, Марсын талбайгаар явж гэртээ харьцгааж билээ. Бид хоёр шуудхан л нэг гэрт орж амьдралаа эхлүүлээгүй. Бид 53 оноос дөрвөн жил зовсон доо. Дөрвөн жилийн дараагаар би ч нөхрөөсөө салж, тэр ч мөн эхнэрээсээ салсан. Харин түүнийгээ оршуулснаас хойш найман жил өнгөрчээ. Тэр 2005 онд өөд болсон. Түүний үхэл надад үнэхээр хүнд цохилт болсон. Би 2006 онд Монголын эртний уран зохиолын тухай номоо гаргаад, түүнээс цааш бичиж чадахаа байсан. Зүгээр л сэтгэл санааны хувьд. Ямар үг сонгож, яаж хэлэхээ мэдэхгүй байна. Энэ бол жинхэнэ хайр байсан юм. Учир нь бид бараг 50 гаран жил хамт амьдарлаа. Бидэнд үр хүүхэд заяасангүй. Хэрвээ та бүхэн үүнийг сонирхож байгаа бол. Миний зүгээс хүүхэдтэй болох боломжгүй байлаа. Хэрвээ хүүхдүүдтэй байсан бол хүүхдүүд эхний ээлжинд байж, эсвэл бүх зүйл өөрөөр байх байсан ч байж магадгүй. Мэдэхгүй юм даа. Магадгүй бид дэндүү бие биедээ уусч нэг хүн шиг болсон байсан байх. Бид хоёр чинь нэг факультетад ажиллаж байсан болохоор бүгд л бид хоёрыг мэддэг байлаа. Намайг Монгол руу явсан үед нөхөр өдөр бүр захиа надад бичдэг байсан юм. Өдөр бүр шүү. Би захиануудыг нь ингээд л илээд л илээд л илээд л (их удаанаар сунжруулж хэлэв). Тэр нэг захиандаа ингэж бичжээ. Түүнийг манай багш нар Мартын 8-ны баярт урьж. Тэгээд түүнд: -За таныг Людмила Константиновнагүйгээр баярт явахгүй гэдгийг чинь бид нар мэдээж ойлгож байна аа. Тэгсэн ч гэсэн яаж ийж байгаад ирээрэй гэжээ. Тэр: -Би очсон. Миний царай ямар байсан гээч. Тэнд байсан хоёр багшийн нэг нь: -Та ер нь гэртээ харь даа. Та энд байж чадахгүй юм байна угаасаа гэсэн. Энэ үед би Монголд байсан юм.  

Л.К. Герасимович, түүний нөхөр Львом Абрамович нар Елизавет тосгонд байдаг зуслан дээрээ

-Та жилийн хугацаатай явсан байсан уу, эсвэл түүнээс урт ямар хугацаагаар явж байв уу?

-Хагас жил.

-Та хоёрт хоёулаа дорно дахиныг судлагч байсан нь чухал байсан уу. Эсвэл тийм ч чухал биш байв уу?

-Мэдэхгүй байна. Магадгүй чухал байсан байх.

-Та хоёр санал бодлоо солилцож байв уу ажлын тал дээр?

-Манай нөхөр бид хоёрын дунд уу? Үгүй байгаагүй. Учир нь тэр хятад судлаач байсан.

-Тийм ээ би ойлгож байна. Бие биендээ зөвлөгөө өгөх, авах, асуух гээд л энэ тал дээр?

-Аан. Байлгүй яах вэ. Тэр түүхч. Надаас хэд дахин ухаантай. Би юу бичнэ түүнийгээ заавал түүнд уншиж өгдөг байлаа. Эсвэл тэр надад уншиж өгдөг байсан. Энд тийм байна. Тэр хэсэг ойлгомж муутай байна гэх зэргээр хэлж өгдөг байсан. Ерөнхийдөө дандаа иймэрхүү төрлийн зөвлөгөөнүүд хэлж байсан.

-Людмила Константиновна та ингэхэд яагаад монгол судлаач болсон юм бэ? Өөрийн хүсэл сонирхлоор уу, эсвэл тэр үед монгол судлаачид, утга зохиол судлаачдыг бэлтгэх нийгмийн хэрэгцээ шаардлага байв уу?

-Би 1945 онд их сургуульд элсэж 50 онд төгссөн. Тэгээд шууд аспирантурт элсэж ороод, 53 онд Дамдинсүрэн гуайн зохиолуудаар диссертацаа бичиж хамгаалж байлаа. . Москвад Михайлов (Г.И.Михайлов), Яцковская (К.Н.Яцковская), Гольман (М.И.Гольман). Ингээд л болоо. Дайны дараа Монгол, Оросын харилцаа өөр болж, тиймээс монголчуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, монгол судлаачдыг бэлдэх шаардлага гарч ирсэн. Монголчууд наашаагаа бүхий л чиглэлээр сурахаар ирцгээж байв. Монгол хүн сурч байгаагүй их, дээд сургууль тэгэхэд бараг байдаггүй байлаа. Тийм болохоор аяндаа монгол судлалыг хөгжүүлэх шаардлага гарч ирсэн юм. Монгол судлалыг маш нухацтайгаар Буриадад мөн хөгжүүлж байсан. Миний мэдэхийн тэндхийн хүрээлэнд монгол судлал, тэр дундаа хэл шинжлэлийн чиглэлээр түлхүү судалгаа явуулдаг байлаа.

-Таныг тэгвэл аз жаргалтай хүн гэж ойлгож болох нь ээ. Өөрт таалагдсан, дуртай зүйлээ хийж байсан?

-Тийм ээ. Ерөнхийдөө бол тийм. Би багшийн ажилд бас их хайртай байсан. Миний дааж авсан анхны анги 1958 онд төгссөн. Энэ оны төгсөлтийнхөөс зарим нь баяр болгоноор над руу залгаж баяр хүргэдэг. 80-аад оны төгсөлтийнхөөс, нэг нь Софид, өөр нэг нь Чехословакад байгаа ч гэсэн одоог хүртэл санаж явдаг, утсаар ярьдаг, бичдэг, баяр хүргэдэг.

Л.К. Герасимович зохиолч Төрийн хошой шагналт, УГЗ Д.Намдаг, Ардын уран зохиолч, СГЗ Б.Бааст нартай зүүн гар талаас

-Хэрвээ та энэ мэргэжлийг сонгоогүй бол ямар мэргэжилтэй хүн болох байсан бол?

-Би эмч болохыг хүсдэг байлаа. Сувилагчийн ажил бол ердөө ч муухай ажил биш. Үе үед л энэ ажлыг тэгэж бодож ирсэн. Тийм биш. Намайг цэргийн эмнэлэгт ажиллаж байхад нэг цэрэг цавь нь шархадчихсан. Тэгээд түүнд боолт хийх хэрэгтэй боллоо. Тэгэхэд би маш залуухан байсан юм. 20 настай. Тэр цэрэг тэгэхэд арай ахмад хэн нэгнийг явуулж болох уу гэж байсан юм. Ичсэн хэрэг. Ичсэн хэрэг. Өөр бас нэг тохиолдол санаанаас гардаггүй юм. Бас л эмнэлэгт. Нэлээн хүнд шархадсан нэг томоохон цэргийн дарга хэвтлээ манай эмнэлэгт. Надаас их олон ах хүн байсан. Яагаад ч юм тэр халуунаа хэмжүүлэхийг хүсдэггүй.

-Яагаад?

-Яагаадыг бүү мэд. За, тэгтэл өөр тасгийн сувилагч надад: -Сонсооч. Чи нэг оролдоод үзвэл яасан юм бэ ааан? гэв. Өрөө нь харанхуй байсныг санаж байна. Зөвхөн хаалганы дээхэн талын шиллэсэн хэсгээр өрөө лүү нь коридороос гэрэл орж байсан. Ер нь бол харанхуй байсан. Би чичрэнгээ хаалга нээж, халуун хэмжихээр ирлээ гэв. Өөр залуу хүний дуу байна гэдгийг тэр янз нь мэдсэн бололтой нүдээ нээж, миний айж сандарсан царайг хараад: -За алив гэлээ. Ингээд түүнд халууны шил өгөв. Ингэж намайг нэг удаа халуун хэмжүүлэхээр явуулж байсан юм. Яагаад гэнэт халуунаа хэмжүүлэхээр болсныг хэлж мэдэхгүй юм. Би түүнд охиныг нь санагдуулсан байж болох. Эсвэл хараад гэр бүлээ санасан уу. Эхнэрээ лав бодоогүй. Тэр надаас маш олон ах байсан. Харин охиноо санасан байж болох талтай. (Харж байна уу бид сэдвээсээ ямар их хазайсныг. Та нар өөр зүйлийн тухай сонсохыг хүсч байсан байх магадгүй).

-Та юуны талаар бидэнтэй ярихыг хүсч байна?

-Та нар ойлгоно биз. Та нарыг би бараг мэдэхгүй. Би, та нарт магадгүй тийм биш юм шиг санагдаж байж мэднэ. Би үнэндээ нэлээд хаалттай хүн. Миний мэргэжилд ойр зүйлийг л би та нарт ярилаа. Гэр бүлийн амьдралын талаар бага зэрэг.

-Юунаас болоод?

-Өөр хүмүүс. Зүгээр л бид өөр хүмүүс.

-Людмила Константивно хэрвээ та ядарч байвал бидэнд хэлээрэй, бид явж болно шүү?

-Үгүй ээ. Та нартай би харин чөлөөтэй ярилцаж байна. Би янз янзын сэдвээр оюутнуудтай ярилцаж байлаа (өөрийхөө гэрт). Эсвэл лекц уншиж, эсвэл хичээллэж байлаа. Манай цонхоор мод харагдаж байгаа үгүйг мэдэхгүй юм.

-Харагдаж байна.

-Харагдаж байна уу тээ? Аанхаа. Тэгэхэд ямар ч барилгууд байхгүй байсан юм. Би тэдэнд: -Тийшээ харцгаая. Ямар сайхан мод вэ? Бүгдээрээ таахыг оролдъё. Энэ мод яагаад энд ургасныг. Түүн дээр нар элчээ тусгаж байгаа үгүйг. За боллоо. Та нарын анхаарлыг сарниулчихлаа (инээцгээв).

-Мария Павловна багш бидэнд ярихдаа, Е.А.Кузьменков гуай 30 минут өнгөрлөө, хошигнох хэрэгтэй гэж сургасан гэж ярьж байсан?

-Евгений Афанасьевич (Е.А.Кузьменков) намайг их уурлуулдаг оюутан байсан шүү. Ангийнхнаасаа ах байсан болоод тэр үү, намайг гэртээ харих цагаар сургуулийн доор хүлээгээд зогсож байдаг байв. Та нар үүнийг ямар нэгэн хайр дурлал, өөр ямар нэгэн зүйлтэй холбож битгий ойлгоорой. Тэр хүлээж зогсож байгаад л асууна даа. Та юу гэж бодож байна, уран зохиолд роман гэсэн төрөл байдаггүй юм шиг надад санагдаж байна гээд л. Тэгэхэд нь би: Женя би танд 1000 удаа энэ талаар тайлбарлаж хэлсэн. Үүнээс өөр асуулт та бодож олж чадахгүй байна уу. Бодож олоорой гэж хэлдэг байсан юм. Тэдний гэр манайхаас шал өөр зүгт байдаг байсан ч, сургуулиас Восстание хүртэл би явган явна, тэр бас надтай хамт алхана. Тэгээд л цуцалтгүйгээр янз бүрийн асуулт тавьж эхэлнэ дээ. Асуултуудыг нь одоо би сайн санахгүй байгаа ч миний бодлоор, түүний асуултууд ердөө ч тэнэг асуултууд байгаагүй. Гэвч тэр тэнэг асуултууд тавьж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг байсан юм. Ингээд 78 онд тэр сургуулиа төгсөж, 80 оноос сургуульдаа багшилж эхэлсэн. Тэр үед би тэнхимийн эрхлэгч байгаад түүнийг ажилд авч байлаа. Дараа нь эрт тэтгэвэртээ гарсан даа. Үнэндээ тэр өвдсөн байсан юм. Хотын захад амьдардаг, утсаар байнга шахуу надтай ярина. Бие нь нэлээн муудсан тэр үедээ над руу залгаж Петербург руу явж байна гэж ярилаа. Тэр өдрөө эмнэлэгт хэвтэнгүүтээ дахиж надруу залган: Миний бие их муу байгаа, их муу. Би жаахан гайгүй болонгуутаа тань руу залгаж байгаа минь энэ гэж байсан юм. Миний санаа зовж, маргааш нь түүний эхнэрийн ах Оглоблин луу ярьж түүний бие яг ямар байгааг асуухад аймшигтай оношийг надад хэлж билээ. Нүд харанхуйлаад явсан ч дотроо бүх зүйл сайн болно гэж бодож байлаа. Би түүнд: Женяд дамжуулаарай, би түүнийг байнга сайн сайхнаар бодож явдаг аа. Тэр үед бидний хооронд байсан таагүй харилцааг би бүгдийг нь мартсан. Бүгдийг нь мартсан. Би түүнийг эдгээсэй гэж хүсч байна. Над дээр зочилж ирж болно гээд л өөрийнхөө зүгээс хэлж чадах бүхий л сайн сайхан зүйлээ хэлсэн. Маргааш өглөө нь Оглоблин над руу залгаж, Женяг шөнөдөө нас барсан, гэхдээ таны хэлсэн бүхнийг дамжуулж хэлсэн гэсэн юм. Би түүнд маш сайн байна. Тэр бүх зүйлийг мэдсэн нь сайн, маш сайн (хэсэг чимээгүй болов). Сүүлийн асуултаа тавь даа. Та нарт ямар нэгэн зүйл тодорхой болж чадав уу миний ярианаас?

(Э.М: ярилцлага авах үед мэдээгүй байсан ч хожим сонсохнээ Евгений Афанасьевич, Герасимович гуай хоёр хамт ажиллаж байсан он жилүүддээ тун таагүй харилцаатай байсныг олж мэдсэн юм).

-Тэглээ, тэглээ. Их сонирхолтой байлаа. Та бидэнд хэзээ явахыг маань сануулаарай. Тэгэхгүй бол бид хэдэн ч цаг таныг сонсож магад. Та ядарна шүү дээ?

-Тэгнэ ээ.

-Бусдад тийм ч нээлттэй хүн биш гэж та яриандаа өөрийгөө хэлж байсан. Та ер нь ямар хүн бэ? Өөрийгөө тодорхойлж хэлбэл?

Хэрвээ би хийх ёстой бол завгүй ч байсан тэр зүйлийг ямар нэгэн аргаар, яаж ийж байгаад хийдэг. Би хариуцлагатай хүн. Хэрвээ би хүнд ямар нэгэн зүйл амласан бол түүнийгээ би заавал биелүүлдэг. Хэрвээ 100 цагт ирнэ гэсэн бол, яг л тэр цагтаа ирдэг (Бид харцаа доошоогоо болгон чимээгүй чагнан суулаа. Учир нь бид уулзахаар товлосон цагаасаа 10 минут хоцорч ирсэн юм). Яагаад гэдгээ тайлбарламаар байна. . Тийм биш гэж үү? Магадгүй, бас би гунигтай хүн байх. Тэнэмэл нохой харчихаад, хэрвээ би түүнийг авч чадахгүй бол, бүхэл өдөржин үүнээс болж сэтгэл минь эвгүйрхдэг. Хэрвээ би уул шиг зовлонтой хүнийг, ялангуяа настай эмэгтэйчүүдийг хараад, би юу ч хийж чадахгүй бол. Юу ч. Тэгвэл би үүнээс болоод шөнө унтаж чаддаггүй. Зүгээр л өөрийнхөө ямар ч тус хүргэх чадалгүйдээ, тэр хүнд яасан хэцүү байгаа бол доо гэсэндээ. Би оптимистуудад (өөдрөг үзэлтэй хүмүүс) дургүй. Ямар ч утгагүй. Амьдрал тийм биш. Мөн би хүмүүст хэчнээн өөрийгөө хаалттай гэж ойлгуулсан ч, би хүмүүстэй харилцаж, ярилцаж чаддаг хүн гэж боддог. Тийм биз? Онгойдоггүй битүү хайрцаг гэж лав намайг хэлж чадахгүй. Би бас хөгжилтэй хүн биш. Ердөө ч хөгжилтэй биш. Надтай хамт хөгжилдье гэвэл тэр ер нь бүтэхгүй. Би тэгэж сураагүй, чаддаггүй. Ер нь хүний дутагдалтай болон давуу талууд төрөлхийнх байх гэж би боддог.

-Надад бол та илэн далангүй хүн шиг санагдлаа?

-Яагаад гэвэл та монгол хүн. Аня монгол судлаач. Бараг л монгол гэж болно. Тийм болохоор тэгж санагдаж байгаа юм. Мария Павловна над дээр оюутнуудыг авчирч уулзуулдаг юм. Бид бас л удаан сууцгааж, олон зүйлийг ярилцдаг. Тийм болохоор би монголчууд, монгол судлаач нарт илэн далангүй, нээлттэй хүн. Бусдаар бол...

Олон улсын монголч эрдэмтний IV их хурлын салбар хуралдааны үеэр Оросын монголч эрдэмтэн Л.К. Герасимович, Монголын эрдэмтэн Т.Дашцэдэн нар. 1982. 08 сар

-Хамгийн сүүлчийн асуултыг тавьж болох уу? Шинжлэх ухааны салбарт ажиллахаар шийдсэн залуу монгол судлаач нарт та юу зөвлөмөөр байна?

-Би ингэж хэлмээр байна. Яагаад гэвэл шинжлэх ухаан тухайн хүнээс маш олон зүйлийг шаарддаг. Тухайлбал, цаг хугацаа, дотоод хүч, гэр бүл шинжлэх ухаан хоёрыг хослуулах чадвар гэх мэт. За, дараагаар нь та ямар нэгэн шинэ зүйлийг гаргаж хэлж, хийж чадах боломжтой гэж өөрийгөө ойлгож байвал, тэр цагт энэ ажлыг хийгээрэй. Хэрвээ та хуучин байсан зүйлийг давтах бол хэрэггүй. Зүгээр түүвэр ажил хийж болно. Тэндээс бага зэргийг, эндээс бага зэргийг. Энэ нь хэрвээ хэн нэгэнд ямар нэгэн шинэ зүйлийг нээвэл, та үүгээрээ шинэ зүйлийг олж гаргаж ирэх чадвартай бол, тийм ээ та ажиллаж болно. Гэхдээ гэдгийг сайтар бодолцоорой. Ер нь бол бүх зүйлийг шаардана даа, жинхэнэ шинжлэх ухаан. Мөн хуурамч шинжлэх ухаан гэж бий. Заримдаа нэг өгүүлэл, ахиад нөгөө өгүүлэл гэж бичих нь бий. Энэ тал дээр Женягаа (монголч эрдэмтэн Евгений Афанасьевич Кузьменков) их зүйл хийж амжаагүйд харамсаж явдаг юм. Яагаад гэвэл түүний толгойд янз янзын чиглэлийн олон санаа оноонууд их байсан. Их л бага зүйлийг үлдээгээд явсан даа. Үүнд нь харамсдаг юм. Учир нь уг байгаа байдлаараа бол мэдээж тэр багш биш, харин эрдэмтэн. Багш байх, эрдэмтэн байх хоёр өөр зүйл л дээ. Зүгээр сайн багш нар бий. Тэр сайн багш. Гэхдээ, хэчнээн сайн багш мөртлөө судалгааны ажил нь урагш ахьдаггүй байх тал бий. Мэдэхгүй юм. Надад бол ийм юм тохиолдож байгаагүй. Учир миний муу, сайнд байгаа юм биш. Судалгааны ажлыг сонирхож байсанд юм шүү дээ. Гэвч, энэ ажил миний бүхий л амьдралыг надаас шаардсан юм даа. Ийм л байна. Хүсч байвал өөрийгөө шинжлэх ухаанд өг. Хүсэхгүй байвал хэрэггүй. Би бас максималист. Ямар нэгэн зүйлийг хамгийн сайнаар, хамгийн хамгийн хамгийнаар хийхийг шаарддаг. Ер нь хүн бүр заавал ийм байх албагүй гэдгийг энд бас хэлмээр байна. Албагүй. За, энэ магадгүй миний нэг зан чанар маань байх.

-Тантай ярилцахад тун таатай, маш сонирхолтой байлаа. Их баярлалаа танд?

-Зүгээр дээ. Сүүлчийн удаа уулзаагүй гэж найдъя. Зочилж ирж байгаарай. Өөр ярих зүйл их бий. Хэрвээ би зун хүртэл амьд байгаад, хөл дээрээ зогсож байдаг юм бол танд сонирхолтой зурагнуудыг үзүүлнэ ээ. Одоо арай чадахгүй нь.  

-Баярлалаа танд. Айлчилж ирнэ ээ. Биеэ бодож, хэрэгтэй зүйл гарвал хэлж байгаарай та.

Ярилцсан Э.Мөнхцэцэг. ШУА, ХЗХ-ийн ЭША, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.