СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-07

Нийслэл хотод төрийн залгамж халаа байхгүйг "Шөнийн гудамж"-аас харж болох нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Зурмал зургийн эх сурвалж: Самандарийн Цогтбаяр

Шинэ хотын дарга С.Амарсайхан ажлаа хүлээж аваад тун удаагүй байгаа бөгөөд анхны томоохон зөвлөгөөнөө Соёлын төв өргөөнд хоёр хоногийн өмнө хийжээ.

Өмнөх хотын дарга нар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг долоо хоног бүрийн даваа гарагт хотын захиргаан дээр хийдэг байсан бол шинэ дарга Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг Соёлын төв өргөөнд сүр бараатай хийжээ. 

Уг хурал дээр илтгэл тавьсан бөгөөд сая гаруй хүн амтай "метрополис" гэгдэх Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг хэрхэн төлөвлөж байгааг нь удирдах ажилтнууд анхааралтай "ажигласан" аж. 

Ямартаа ч шинэ хотын дарга "Жишиг дүүрэг хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ", "Хотын өмчийг олон улсад жишихээр үнэ цэнэтэй болгоно", "BRT гэх төслийн үр өгөөжгүй байдлыг зогсооно", "Хотын даргын хотыг хөгжүүлэх  олон хурц шийдэмгий шаардлагатай арга хэмжээнүүдийг авна" гэхчлэн үг хэлжээ.

Илтгэл дундаас нэг санааг хэвлэлүүд онцлон мэдээлсэн нь “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго гэсэн үг. 

С.Амарсайханы өмнөх хотын дарга С.Батболд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бидний нэрлэж заншсан "Хүүхдийн зуу"-гийн гудамжийг "Шөнийн гудамж" болгон тохижуулж, улсаас 1,5 тэрбум төгрөг зарцуулаад амжсан. 

Гэтэл шинэ дарга энэ санаачилгыг үл ойшоож хотын иргэдийн татвараар боссон "Шөнийн гудамж"-ийг "ажиллуулахгүй" гэжээ. "Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй" гэж С.Амарсайхан дарга хэлнэ лээ.

Энэ зөв санаа. Гэхдээ нэг дарга гарч ирээд өмнөх даргын ажлыг үгүйсгэдэг. Цоо шинээр ажлаа хийгээд эхэлдэг. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө агаарт замхарсаар...

1990 оноос хойш томилогдсон 11 хотын дарга бүрийн "хувь хүнийх нь амбиц" дотор цоо шинэ арга барилаар хотоо хөгжүүлчих юмсан, миний гэж нэрлэгдэх нэг ч гэсэн ажил нэрлэгдэж үлдээсэй гэсэн хүсэл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хүсэлдээ баригдан хотын иргэдийн татварын мөнгөөр тоглоод баймааргүй л байгаа юм даа...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.