А.Мөнхжин
Эдийн засагч Х.Батсуурьтай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар ярилцлаа.
-Монголбанк манай улсын 2018 оны эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг мэдээллээ. Харин таны хувьд өмнөх оны болоод 2019 оны эдийн засгийн төлвийг хэрхэн харж байна вэ?
-Манай улсын эдийн засаг 2018 онд эерэг үзүүлэлттэй гарсан. Гэхдээ ер нь бүх юм төсөөллөөс хамаарна. Эдийн засаг гэдэг маань нэг талаас сэтгэлзүй буюу хүлээлтээс ихээхэн хамаардаг салбар гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр бидний хүлээлт хэт өндөр байгаагүй учраас эдийн засгийн үзүүлэлт давж биелсэн гэж харж байгаа. Эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөөлсөн хүчин зүйлсийг эдийн засагч хүний хувьд харж цэгнэж үзсэн. Тэгэхэд манай улсын экспортын бүтээгдэхүүнүүд буюу нүүрс, алт, зэсийн үнэ тогтвортой, бас өсөлттэй байлаа. Мөн газрын тос голлох бүтээгдэхүүн биш боловч жинтэй байр суурийг эзэлдэг. Судлаачид янз бүрийн л таамаг дэвшүүлдэг. 2019 онд эдийн засаг яг төд өдөн хувиар өснө гэж хэлэхэд хэцүү. Хамгийн гол нь экспортын бүтээгдэхүүний үнэ тогтвортой, өсөлтөө хадгалж байвал эдийн засгийн өнөөгийн өсөлт нэг их дордохгүй байх.
-Энгийн иргэд эдийн засгийн өсөлтийн том тоонуудад итгэхээсээ илүү өрх гэрийнх нь санхүүгийн байдал дээрдсэн үү, үгүй юу гэдгийг хэмжүүр болгодог. Эдийн засаг өслөө гэж яриад байгаа ч яагаад иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна вэ?
-Энэ бол ганцхан Монгол ч биш дэлхий даяар яригдаж байгаа гол асуудал. Бидний хувьд ДНБ-ий өсөлт гэдгийг гол хэмжүүрээ болгодог шүү дээ. Гэтэл үүнээс гадна нэг хүнд ногдох ДНБ гэж байна. Эдгээрийг хоёуланг нь аваад үзсэн ч үнэндээ бол хүн амын амьжиргаанд эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж байгааг хэмжих боломжгүй. Ийм учраас эдийн засгийн үзүүлэлтүүд нь өөрөө ямар ач холбогдолтой вэ гэдгийг өнөөдөр олон улсын түвшинд ярьж байна. Тэгэхээр эдийн засгийн үзүүлэлтийг өөрчлөх мөн цогцоор нь авч үзэх шаардлага дэлхий нийтэд тулгараад байгаа юм.
ДНБ-ээс гадна ядуурал, хүн амын орлогын ялгааны түвшин, дундаж наслалт, хүн амын эрүүл мэндийн байдал, боловсролын байдал гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хамтруулан авч үзэж байж эдийн засгийн өсөлт хүн амд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг мэдэх боломжтой. Мөн сүүлийн үед НҮБ-аас бусад судлаачдын зүгээс ч гэсэн тодорхой багц үзүүлэлтүүдийг авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр үзүүлэлт нь тус тусдаа гарч байгаа боловч нэгтгээд тооцож үзэж буй судлаач, шинжээч одоохондоо манайд алга. Манайд нэг талдаа ДНБ өсөөд байгаа юм шиг боловч нөгөө талд нь ядуурал бас өсөөд байдаг үзэгдэл бий. Тэгэхээр эдийн засгийн хэмжигдэхүүнүүд нь уялдаа холбоо, утга чанараа алджээ л гэсэн үг.
-Өнгөрсөн оны дүнгээр Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 28.7 тэрбумд хүрсэн байна. Энэ өр бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
-Сүүлийн арваад жилийн хувьд өр бидний ноцтой асуудал болоод байгаа. Үүн дотроос сүүлийн зургаан жилийн дотор өр эдийн засгийн аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн байна. Гэхдээ энэ нь яагаад эдийн засгийн хурцадмал байдалд хүргэчихгүй яваад байна вэ гэхээр бид амиа аргацааж явж ирлээ. Өрийн дампууралд тулаад ирэнгүүтээ ОУВС-нд хандаад төлөгдөх өрөө шинэ зээл болгож шинэ өр үүсгээд яваад байгаа юм. 1990 оноос хойш Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн авралын хөтөлбөрт зургаан удаа хамрагдаад байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс зургаан удаа дампуурлын ирмэгт тулаад гараа сарвалзуулан аврал гуйжээ. Өнгөрсөн 28 жилийг үечлэлээр нь харвал манай улс 4.5 жил тутамд дампуурлын ирмэгт тулдаг гэсэн үг.
-Тэгвэл дараагийн мөчлөг нь хэзээ юм?
-Өнгөрсөн жил бид аврах хөтөлбөрт хамрагдсан шүү дээ. Энэ байдлаараа явбал дөрвөн жилийн дараа магадгүй дахиад дампуурлын ирмэгт очих нь.
-ОВУС 10, 20 удаа аварна гэж байх уу, ингээд цаашаа яваад байвал юу болох вэ?
-Цаашдаа юу болохыг мэдэхэд хэцүү. Гадаад валютаар төлөх өр бол маш хатуу нөхцөлтэй байдаг. Энэ өр бидний сэтгэлийг хамгийн их зовоосон асуудал болно. Ялангуяа 2022 онд ноцтой байдал үүсч магадгүй. Учир нь асар том гадаад зээлийн үндсэн төлбөр буюу бидний мэдэх Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөрийг хийх шаардлагатай болно. Энэ төсвөөс гадуурх мөнгө учраас бидэнд асар том дарамт үүсгэнэ. Гэхдээ энэ хугацаанд улс төрийн хүрээнд шинэчлэл явагдаад байдал дээрдвэл эдийн засагт сайнаар нөлөөлнө. Ялангуяа, Монголбанкинд улс төр, бүлэглэлийн эрх ашгаас ангид, улс орноо боддог шинэ сэргэг, чадварлаг хүмүүс ажиллаад ирвэл байдал дээрдэх магадлалтай.
-Иргэдийн амьдралд банкны хүү маш их дарамтыг үүрүүлж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ эрүүл үзэгдэл мөн үү?
-Эрүүл үзэгдэл биш шүү дээ. Зарим хүмүүс капиталист нийгэмд бүгд зээлтэй байдаг гэх мэт зүйлс ярьдаг. Ямар нэгэн байдлаар хүмүүс зээлтэй байж болно. Жишээ нь ипотекийн зээл байлаа гэхэд тэр зээл ард иргэдийн авч байгаа цалин, орлоготой нь дүйцсэн, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхгүй байх бүх орчин бүрэлдэж байж зээл хэрэгжих ёстой. Гэтэл манайд орлогынхоо 60-70 хувийг зээлдээ өгчхөөд дөнгөн данган амьдралаа залгуулж байгаа олон хүн байна шүү дээ. Эдийн засагчдын тооцоогоор орлогын 25-30 хувиас хэтэрсэн зарцуулалтыг тухайн зээл шаардах ёсгүй юм.
Манайд хэрэгжээд байгаа ипотекийн зээл бол анхнаасаа буруу аргаар хэрэгжсэн. Энэ зээлийн хувьд эдийн засгийн гэхээсээ улс төрийн зорилгоор хэрэгжиж эхэлсэн. Систем нь ч бүрэлдээгүй буруу байсан. Иргэдийг орон сууцтай болгоё гэхээсээ илүү асар олон барилга байшин барьчхаад царцчих гээд байгаа бүлэглэлүүдийг дэмжсэн байж болзошгүй гэж харагддаг. Ипотекийн зээлийн систем бол бие биеэ бүрэн нөхөж урсдаг яг байгалийн эко систем шиг явагддаг. Гэтэл манайд асуудлыг шийдэгч нь, эрсдэлээ үүрдэг нь Монголбанк, Засгийн газар өөрөө байдаг. Дунд нь арилжааны банкууд болон бусад байгууллагууд нь зуучлагч хийгээд эрсдэлгүй мөнгө, ашгаа авч байдаг тогтолцоог бүрэлдүүлсэн.
Нөгөө талаасаа Монгол Улс банк санхүүгийн асар буруу гаж тогтолцоотой. Монголбанк нь арилжааны банкуудын эрх ашигт үйлчилсэн бодлого явуулдаг. Арилжааны банк нь ард иргэд, бизнестээ үйлчлэх ёстой шүү дээ. Гэтэл энэ нь эсрэгээрээ Монголбанк нь арилжааны банкиндаа үйлчилдэг, арилжааны банк нь ард иргэдээс ашиг олох, дарамтлах тогтолцоо бүрдчихсэн.
-Яагаад өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү 20 хувиас дээш даваад байна вэ?
-Бүр нарийн тооцвол үүнээс ч илүү байгаа. Дэлхий дээр банк санхүүгийн системтэй 180 гаруй орноос зээлийн хүү нь 20 хувиас дээш давсан ердөө л 12 орон байдаг. Түүний нэг Монгол. Гэтэл энэ гаж тогтолцоогоо Монгол бол цэвэр өрсөлдөөнт зах зээл, ардчиллын баян бүрд гэх мэтээр хүмүүсийн тархийг угаасаар байна. Бодлогын хүү нь манайд мөн буруу хэрэгжсэн. Төвбанк нь арилжааны банкуудаа бодлогын хүүгээр угждаг тогтолцоотой болсон. Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд нь Төвбанкнаас зээл аваад тэр зээлдээ төлж байгаа хүүг хэлнэ. Тэр хүү өнөөдөр 11 хувь байгаа. Гэтэл өнөөдөр Төвбанк нь арилжааны банкнаасаа зээлж аваад өндөр хүү төлж байна. Арилжааны банк тэгэхээр танд зээл өгөх үү, төв банкинд зээл өгөх үү гээд бодоод үз л дээ. Бусад улс оронд арилжааны банкууд заавал байх нөөцөө бүрэлдүүлэх үүднээс өөр хоорондоо өдөр тутам богино хугацаатай зээл өгдөг. Түүнийхээ хүүг бодлогын хүү гэж нэрлэдэг. Манайд энэ хүүг санаатайгаар гэмээр төөрөлдүүлж ойлгуулсан. Энэ гаж тогтолцоогоо бид хэвийн гэж ойлгож, ингэж ойлгуулсаар ч ирлээ. Гаж буруу тогтолцоог албаар нийгэмшүүлж байна гэж би хувьдаа үздэг.