Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид буюу ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр шөнө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Саатуулагдах үед дөрөв дэх хүн буюу ноён Х-ийн талаар хальт дурдагдаад өнгөрсөн. Өнөөдөр үдээс хойш Д.Эрдэнэбилэг нарыг суллах үед ноён Х-ийн тухай мэдээлэл бидэнд олдсон юм.
“Канетик” компанийн захирал Ганбат овогтой Хүрэлбаатар нь Д.Эрдэнбилэг нарын хамтаар дөрөв дэх хүн болон саатуулагджээ.
“Монголын зэс корпораци”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад МАН-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатар тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байжээ. Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс корпораци”-д шилжүүлсэн” гэсэн байсан юм.
Энэ нь Ганбат овогтой Хүрэлбаатарыг Ганц худагт саатуулахад хүргэжээ. Д.Эрдэнэбилэг нартай холбоотой хэргүүдийн зөвхөн нэг нь Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдааны замаар худалдаж авсан асуудал агаад бусад гэмт үйлдлүүдийн талаар бид удахгүй мэдээлэх болно.