СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-06

П.Өнөболд: “Эко алтан Заамар” уурхайн ханаа ямар стандартаар шаталж ухсаныг мэдэхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Төв аймгийн Заамар сумын “Эко алтан Заамар” ХХК-ийн алтны шороон ордын уурхайн хана хоёрдугаар сарын 28-нд нурснаар одоогийн байдлаар дөрвөн уурхайчин амьд үрэгдээд байгаа ба 2019 оны гуравдугаар сарын 6-ны 16:00 цагийн байдлаар гурвынх нь цогцсыг гаргаж авсан, дөрөв хүнийг эрж хайх ажиллагааг үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээлж байна.

“Эко алтан Заамар” ХХК-аас гаргасан мэдэгдэлд ослын дүгнэлтийг 27-нд Одон орон геофизикийн хүрээлэнд тэмдэглэгдсэн “Төв аймгийн Заамар сумын нутагт болсон 4.06 магнитудын газар хөдлөлтэй холбоотой нурсан” гэж үзэж байгаа. Харин МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан газар дээр нь ажиллаад “Урьдчилсан байдлаар уурхай болон карьерын хоорондын зай арав орчим метр байгаа нь нуралтад нөлөөлсөн байж болзошгүй” гэж үзэж байгаагаа хэлсэн.

Харин ослын гурав дахь таамаг бол уурхайн 80 орчим метрийн ханын шатлалд стандарт мөрдөөгүй, эгц доош хэлбэртэй ухсанаас нурсан юм биш биз гэж үзэж байгаа юм.

Энэ талаар тодруулахаар геологич, геотехникч Б.Өнөболдтой ярилцлаа. Тэрээр геотехникийн инженерийн чиглэлээр 2009 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.

-Та бидний харж байгаа тус уурхайн ханыг шатлаагүй шахам, эгц доош нь ухсанаас осол гарахад хүргэсэн юм биш үү гэсэн таамаг байна. Үүнд мэргэжлийн хүний хувьд саналаа хэлээч?

-Нөлөөлөх хүчин зүйл болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тус компани ТЭЗҮ-гээ хэрхэн батлуулсан, үүнийгээ хэрхэн мөрддөг талаар мэдээлэлгүй байгаа учраас шууд дүгнэх учир дутагдалтай. Үйлдвэрлэлийн явцыг мэдээж төрийн нэг байгууллага хянаад ажиллаж байж таарна. Тэд юу хянаад, юу анхааруулаад явсан бол гэдэг нь сонирхолтой байна.

Оросын эрдэмтэн Фесьенкогийн аргаар “Мөргөцгийн өндрийн гуравны нэгээр шаталж ухна” гэсэн норм бий. Ойлгомжтойгоор хэлбэл, арван метр доош ухлаа гэхэд гурван метр тэгшилж, шатална гэсэн үг. Яах вэ, энэ нь уурхай бүрт харилцан адилгүй. Ил, далд уурхай юу гэдгээсээ хамаардаг. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн уурхайнууд бол 15 метрээр шаталж явдаг.

“Эко алтан Заамар”-ын уурхай хэдэн метрээр шаталж ухсан бэ гэсэн асуулт гарна. Хянах ёстой төрийн байгууллага ямар дүгнэлт гаргасан бэ гэдэг асуулт гарна. Энэ нь ослын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гарч ирнэ байх.

-Тус компанид гео техникч байхгүйгээс хариуцлага алдсан байж болох уу?  

-Чулуулгын механик чиглэлийг хариуцдаг гео техникч мэргэжлийн чухлыг Монголд сүүлийн үед ойлгож байна гэж хэлж болно. Өмнө нь энэ талаар мэргэжлийн байгууллагууд нь асууж, лавладаг ч үгүй байсан.

Би гэхэд Богд хан уулын араар явсан замаар зорчих бүртээ уулын бэлийн чулуулаг нэг өдөр нураад ороод ирэв вий гэж эмээдэг. Ямар ч судалгаагүйгээр зүгээр л хажууг нь ухаад зам тавьчихсан. Хурдны замын хажуу нураад ороод ирсэн тохиолдол дэлхий дээр өчнөөн бий. Байгальд дээр байсан зүйлийг хөндөж, ухна гэдэг нураад ороод ирэх магадлалтай болно гэсэн үг юм.

Нуралтын 35-40 хувьд ус нөлөөлдөг гэсэн онол байдаг. Гүний ус хэр их байна, нурах магадлал төдий чинээ их болно. Гео техникчдийн хувьд цооног өрөмдөж уурхай руу аль болох бага ус оруулах хэрэгтэй ч гэдэг юм уу зөвлөгөө өгдөг.

-Заамар орчмын чулуулгын судалгаа та бүхэнд байдаг уу?

-Тийм судалгаа бол байхгүй. Харин миний бие “ИМК” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 онд Заамарын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байсан компани дээр ажиллаж байсан. Уурхайн хана нь 40м гүн болсноос хоёр, гурван удаагийн жижиг нуралт үүссэн байсан. Азаар хүн бэртэж гэмтээгүй, машин техник дарагдаагүй байсан л даа. Иймээс эрсдэлээс сэргийлэх зөвлөмж өгөөд буцаж байсан. Энэ төрлийн ажилд хөрс, чулуулаг, гадаргууны болон гүний усны судалгаа маш чухал байдаг.

-ОБЕГ-ын аврагчдын хэлж байгаагаар тус уурхайн хананаас ус шоржигнож урсаад, эрэх хайх ажиллагаанд хүндээр нөлөөлж байна гэж ярьж байна?

-Уурхай дээр нь очиж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй юм. Чулуулгын дундуур ус дүүрэхээр өвөлдөө хөлдөөд тэлнэ, хавартаа гэсэхээр ус нь гадагшлаад, хана нурж болно шүү дээ.  

-Тэгэхээр таны ярьснаар тус уурхайн одоогийн энэхүү хана 80 орчим метр байнаа гэдэг хэд хэдэн газарт шатлах ёстой байсан гэсэн үг үү?

-Зурган дээрээс харахад шатлаагүй биш шаталсан шиг байна. Тэр нь яг ямар стандартаар явсныг газар дээр нь очиж үзээгүй учраас мэдэхгүй юм. Ямар тархалттай орд вэ, ямар тоног төхөөрөмж ашиглах юм гм олон хүчин зүйлээс хамаарч шатлалыг шийдвэрлэнэ. Ямар орд гэдгээс хамаараад таван метрээр, арван метрээр шатална гэдгээ тооцно. Түгээмэл тархацтай ордыг том тоног төхөөрөмжөөр ашиглана гэвэл шатлаад явна, гэтэл судал хэлбэртэй ордыг жижиг төхөөрөмжөөр ухна гэвэл мөргөцгийг олон метрээр явуулах боломжгүй.

Миний мэдэж байгаа зүйл бол энэ талаар Монголд бариад явах бодлогын бичиг баримт байхгүйтэй адил. Осол гарчихлаа. Эндээс сургамж аваад сайжруулъя гээд ч сайжруулах бичиг баримт байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.