Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллалаа.
Ховд аймгийн 13 суманд гуравдугаар сарын 3-ны байдлаар хаваржилт хүнд байна. Аймгийн нийт нутгаар 5-10 см зузаан цас орж, хунгарласан газраа 10-20 см цастай, хоёрдугаар сарын эхнээс хүйтний эрч чангарсан учир зарим сумдын мал бэлчээрт гарах боломжгүй нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 641.2 мянган малыг нэмэгдэл тэжээлд оруулаад байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн 13 аймагт нийт 225 тонн өвсийг 50 хувь, 132 тонн тэжээлийг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон бөгөөд аймгийн нөөц дуусчээ.
Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймагт 450 тонн өвс, 270 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох шийдвэр гаргасан. Тэгвэл Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг тус аймгийн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр нэмэлтээр үнэ хямдруулсан 150 тонн өвс, 230 тонн тэжээлийг ойролцоох аймгаас татах зардлыг орон нутаг өөрсдөө хариуцах нөхцөлтэйгээр худалдан авахыг зөвшөөрчээ.
Увс аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт гуравдугаар сарын 4-ний байдлаар хүндрээд байна. 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны нэгдүгээр сард Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Малчин, Улаангом, Сагил зэрэг 6 суманд агаарын хэм -40.5 хэмээс -50 хэм хүрч, 66-82 хоног хүйтэрчээ.
Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байна.
Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан аж. Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Баян-Өлгийн хувьд 12 суманд хаваржилт хүндэрсэн. Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаяжээ. Түүнчлэн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөх явцад хүндрэл учрахаар байна. Мал хорогдож буй шалтгаан нь бэлчээрийн ногооны гарц муугаас өнгөрсөн зун, намар мал тарга хүч сайн авч чадаагүй, өвөлдөө мөн тэжээлийн хомсдолд орсон гэж орон нутгийн удирдлагууд тайлбарлалаа.
Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулахын тулд орон нутаг өөрсдийн хүчээ дайчлан дунд, дундаас доош тарга хүчтэй малыг нэмэгдэл болон байнгын тэжээлд оруулж, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг бүрэн зарцуулж, аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл хуваарилжээ.
Аймгийн хэмжээнд болон зэргэлдээ аймгуудад намар хадсан хөх боодол өвс 8500-12000 төгрөг, мөс хөлдсөний дараа зундаа намаг, усан дундуур байсан шим сөл муутай боодол өвс 5800-7600 төгрөгийн үнэтэй байна. ОХУ, БНКУ-аас импортоор оруулж ирж буй нэг уут хорголжин багсармал тэжээл 26,000 төгрөг, алслагдсан газруудад 35000 төгрөгт хүрч өсчээ.
Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулах ажил зохион байгуулах, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нэгдсэн эмнэлэг, Цэнгэл, Улаанхус сум, Өлгий сумын Хотгор багийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашины гүйлтийн хугацаа дууссан тул улсын нөөцөөс авто машин олгох зэрэг саналыг “Шуурхай бүлэг”-т уламжиллаа.