Нэг гэр бүлээс намуудад сөөлжилж ордог хандлага Монголын улс төрд нэлээдгүй бий. Монголын парламентад суудалтай гурван намд “сүлжээтэй” гэр бүл бол Д.Долгорсүрэн зааных. Зааных бөх, улстөрчдөөр дүүрч байгаа гэвэл дэгсдэхгүй. Ах Д.Сумъяабазар нь МАН-ын гишүүн. МАН-аас УИХ-д хоёронтоо нэр дэвшиж, У.Хүрэлсүхийн засагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Бага дүү Д.Дагвадорж нь АН-ын, ҮБХ-ны гишүүн. Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх. Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуурай ах дүү тэрбээр ирэх 2020 онд АН-аас нэр дэвших бэлтгэлдээ хэдийнэ гарсан гэх яриа бий.
Харин дунд дүү Д.Сэржбүдээ нь Н.Энхбаярын намынх буюу МАХН-ын гишүүн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Херо” энтертайментын найруулагч Б.Баатар хоёр эцэг нэгтэй төрсөн ах дүүс. Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ Б.Баатар хоёр нам өөр ч, гэр бүлийн итгэлцэл дээрээ үндэслэн нэг хүн дээр ажиллаж, Ерөнхийлөгч болох хүний замыг нь зассан тухай хэвлэлээр нэг шуугьсан. Тэд шагналаа хүртэж 2016 оны сонгуулийн өмнө улс төрд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан дүү Л.Оюун-Эрдэнэ томоохон албан тушаал дээр очиж чадсан гэдэг.
Улаанбаатар хотын даргаар сая томилогдсон С.Амарсайхан МАН-ын танигдсан залуу боловсон хүчний нэг. Түүний улс төрийн зам өгсөж явна. С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаяр АН-аас УИХ-д сонгогдож байсан. Ахын хувьд дүүгийн улс төрийг эхэнд тавихын зэрэгцээ 2020 оны УИХ-д нэр дэвших магадлал ч бий. АН, МАН-д олон жил ах дүү явсаар сүүлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ураг болцгоосон түүх бол саяхных. Аль ч нам төрд гарсан тэдний хувьд ялгаагүй. Хоёр төрд нүүртэй дараачийн ах дүүс бол Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ нар. АН-аас УИХ-д сонгогдсон Ж.Батзанданг сая АН-аасаа хөөгдөхдөө тулахад “Ах дүүстээ албан тушаал тохирч, шагналд нь намаасаа урвалаа” гэсэн зэмлэлийг намын нөхөд нь хүртээж байсан. МАН-ын Ж.Бат-Эрдэнийг дүүгийнхээ ачаар АН-ын үед ажилтай, орлоготой явсан МАН-ын цөөн гишүүдийн нэг гэж тодорхойлдог. Дүү нь ч ахынхаа ачаар МАН-ын нэр бүхий гишүүдтэй сүлбэлддэг гэгддэг. Үзэл бодол өөр ч эрх ашиг нэгтэй ах дүүсийн хувьд АН, МАН-ын аль ч үед албан тушаалтайгаа.
Дарга заяанд төрсөн гэж хэлэгддэг ах Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас саяхан чөлөөлөгдөж, улмаар Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Улаан, цагаан нь хоёулаа манайд байна гэж кинон дээр гардаг шиг Монголын улстөрийн гэр бүлд АН, МАН, МАХН, ИЗНН гээд бүх намууд бий.
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын танигдсан лидерийн нэг. Түүний авааль эхнэр Ц.Энхтуяа нь ИЗНН-ын дэд даргаар ажилладаг. Хэдийгээр тэд гэр бүл тусгаар амьдарч байгаа гэдэг ч улс төрийн үзлээрээ нэгддэг гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Ер нь нэг гэр бүлийн ойрын хүмүүс үзэл бодлын хувьд өөр итгэл үнэмшилтэй, намын дотоод нууц, багийн тоглолтыг хэрхэн сахиж, чандалдаг эсэх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил заавал гэр бүлийн харилцаагаар хэмжигдэн, ижил байх албагүй ч яг орон дотроо эхнэр, нөхөр хоёр юу шивнэлддэг бол гэх зэрэг хачин бодол зэрэгцэнэ.
Шинжлэх ухаан ямар ч хувь хүн аминч үзэлтэй гэдгийг нотолчихсон. Аминч үзэлд ах дүүсээ гэх сэтгэл юуны түрүүнд багтана. Ядаж нэг дүү нь арай чамай албан тушаал ахих гэж мацаж явахад нь гай саад болох битгий хэл замыг нь засалцахын төлөө юу ч хийхээс буцахгүй байх биз. Юу ч хийхээс буцахгүй гэдэг үгэнд маш их учир жанцан оршино. Улс төрийн сонгууль бол амь тавихын наагуур сэлэмний ир, жадны үзүүр дээр тогтон байж ялалтыг гарддаг цусгүй талбар. Амь өрссөн эгзэгтэй яг энэ үед төрсөн ах дүү, эхнэр нөхөр, аав ээж, үр хүүхдүүд намын өрсөлдөөнтэй зэрэгцэн өөр хоорондоо ана, мана үзэлцдэг болов уу, эсвэл үгүй болов уу. Сүүлийн үед МАН-ын лидерүүд үр хүүхэд, ач зээгээ АН-ын гишүүнчлэлд оруулах сонирхолтой байгаа гэх яриа явах болсон. Манайх шиг жинхэнэ утгаар нь улстөржиж чаддаг хүмүүст сонгуулиас болж нэг гэр бүлийнхэн тогоон дотроо хагаралдах нь энүүхэнд. Нэгэн насны хамтын амьдралаа сүйрүүлж, салсан тохиолдол бишгүй олон ч байдаг. Хамтын амьдралаа авч үлдэхийн тулд түр зуур өрх тусгаарлаж, ажил гэр хоёроо салгадаг амьдралаас үүдсэн сүүлийн үеийн бэлхэн туршлага ч бас хэрэгждэг болсон гэнэ лээ.
Сонгууль бас дандаа сөрөг зүйлийг дагуулдаггүй бололтой. Намын үзэл бодлоосоо үүдэж гэр бүл болох тохиолдол сонгуулиар бас гардаг. Санал авах боломжтой нам болгонд ах дүүсээ сөөлжлөн оруулах сонирхол хэтрээд ирвэл юу болдог бол. Нам, дамжсан гэр бүлсэг дараагийн эрхмүүдээс дурдахад “Үнэн ба зөв” намын дарга Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу нь МАН-аас УИХ-д өрсөлдсөн. Харин Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул МАН-ынх. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн төрсөн ах “Үнэг” хочит Ц.Батаа АН-аас УИХ-д сонгогдож байсан. Одоо “Симба” группийн захирлаар ажилладаг. Ах дүү хоёрын бизнес нэг. Улс төрийн хоёр намд ах дүү хоёр яваа нь ашиг сонирхлын шалтгаангүй гэхэд бас хэцүү.
Мөн МАН-ын ахмад гишүүн, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүүхдүүд Монголын улс төрийн хоёр намд “Нүүдэл” хийж яваа. Б.Энхбайгаль нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон бол хүү Б.Хүдэр-Ян ИЗНН-аас мөн сонгуульд өрсөлдсөн.
Үндсэний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүхийн хадам ах МАН-ын Сү.Батболд. Тэд бас л намаас, нам дамжиж яваа гэр бүлийн төлөөллүүд.
Нам, дамжих нь бүү хэл Монгол Улсын баялгийг хүртсэн гэж яригдаад байдаг 30 гэр бүлийн үр хүүхдүүд өөр хоорондоо гэр бүл болох нь ихсэх болсон.
1990 оны сүүл үед МАН-ын лидер С.Баяр, АН-ын залуу хатагтай Х.Хулантай гэр бүл болсон түүх тухайн үедээ шуугиан дэгдээж байв. Тэдний хурим дээр АН-ын төлөөлөл “Ирсэн зочдоос нь үзэхэд энэ гэр бүл эхийн эрхт ноёрхсон гэр бүл болох нь” гэж улстөрчид өөр хоорондоо хошигнож байсан түүх бий. Тухайн үед Х.Хулангаас хүүхнүүд “Хөнжил дотроо та хоёр юу ярьдаг вэ, намын нууцаасаа ярьдаг уу” гэх мэтээр жиг жуг хийцгээж байсан гэлцдэг. МАН, АН-ын хоёр улстөрч гэр бүл болоход тухайн үедээ эвэртэй туулай үзсэн аятай гайхан шагширч, шар хэвлэлүүд ор хөнжлийг нь сөхөх нь холгүй байсан бол эдүгээ жам ёсны үзэгдэл болтлоо хэлбийжээ. Тэгээд ч хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил заавал ижил байх албагүй учир нам, дамжин орж буй гэр бүлийг буруутгаж, зөвтгөхийг энд урьтал болгох гэсэнгүй.
Зарим гадны улс орнуудын жишээнээс харахад уг асуудалд нээлттэй ханддаг авч ёс зүйн хувьд таашаадаггүй, учраас аль нэгэн намаас татгалзах жишээний. Манайх шиг хүн ам цөөнтэй улсад энэ байдал хэр оновчтойг мэдэхгүй. Чингис хаан улс байгуулахдаа аль ч шашны үзэл суртлыг хүлээн зөвшөөрч глобал байдлаар ханддаг байсан шиг манай улстөрчид гэр бүл дотроо аль ч намыг хүлээн зөвшөөрдөг юм болов уу.
Б.ДОЛЗОДМАА