“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн хөрөнгө чинээлэг эрхмүүдийн жагсаалтаа шинэчлэн гаргажээ. Жагсаалтыг “Amazon” компанийн тэргүүн Жефф Бэзос хоёр дахь жилдээ дараалан тэргүүллээ. Түүний хөрөнгийг 112 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Өнгөрсөн 20 жилийн туршид дэлхийн хамгийн баян хүнээр ердөө дөрвөн хүн л нэрлэгдэж байв.
Үүнд “Berkshire Hathaway Inc” хөрөнгө оруулалтын холдингийг үндэслэгч Уоррен Баффет,
Мексикийн бизнес эрхлэгч Карлос Слим (2010-2013 онд),
Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс (2001-2017 онуудад) нар багтаж байна.
Жефф Бэзосийн араас Билл Гейтс 90 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр харин гуравдугаарт 83 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет бичигдэж байна. Жефф Бэзос эхнэрээсээ салж байгаа мэдээлэл цацагдсан. Гэр бүл салалтын асуудлыг шүүхээр хэлэлцэж байгаа. Хөрөнгө хувааснаар, тэрбээр дэлхийн хамгийн баян эрхмийн алдраа алдаж, харин түүний эхнэр Маккензи дэлхийн хамгийн баян эмэгтэй болохоор байгаа юм.
Харин одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр францын гоо сайхны “L’Oreal”-ийн угсаа залгамжлагч Франсуаза Бетанкур Майерс нэрлэгдлээ. Түүний хөрөнгө 42.2 тэрбум ам.доллар. Тэрбээр дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад 18 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Дэлхий дээр ам.долларын 2,208 тэрбумтан байгаа аж. Тэдний нийт хөрөнгө 9.1 их наяд ам.доллароор хэмжигддэг байна. Өнгөрсөн 2018 онд хуримын даашинз, хүүхдийн тоглоом, цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбараас эхлээд өөр олон салбарт нийт 259 долларын тэрбумтан шинээр “төрөн” гарчээ.