Nissan, Mitsubishi Motors, Renault SA компаниудын удирдах зөвлөлд байсан Карлос Госны эсрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал сөхөгдсөнөөс хойш Токио хотын шүүхийн шийдвэрээр баривчлан саатуулаад байсан. Түүнийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш гурван сар гаруйн хугацаанд саатуулсны эцэст өнөөдөр батлан даалтад суллахаар болсныг Японы NHK телевизээр мэдээлжээ.
Жуничиро Хиронакагаар ахлуулсан өмгөөлөгчдийн баг Карлос Госныг тэрбум иен буюу 8,9 сая ам.долларын батланд даалтад суллуулахаар болжээ. Энэ жил 64 настай эрхмийг санхүүгийн захиран зарцуулалтыг хууль бусаар хувьдаа шамшигдуулсан гэх зэрэг хэргүүдэд буруутгаад байгаа юм.
Госныг батлан даалтад суллуулахаар өмгөөлөгчдийн баг Токио хотын шүүхэд удаа дараа хүсэлт тавьж байсан ч шүүгчид хэргийн явцтай холбогдуулан татгалзсаар ирсэн. Одоогоор тэрбум иенээс гадна ямар болзолтойгоор түүнийг сулласан нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: www.reuters.com, www.bbc.com