Төв аймгийн Заамар суман дахь “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан ажилчдыг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна.Эрэн хайх ажиллагаа осол болсон өдрөөс хойш тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой 23.00 цагийн орчимд нуранги доороос экскаваторыг гаргасан гэх мэдээллийг өнөө өглөө өгөв. Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулсан юм.
-Эрэн хайх ажиллагааны нөхцөл байдал ямар байна вэ?
-Анх аврах үйл ажиллагаа явуулах үед 6-7 метр усан санд эрлээ хийсэн. Хананаас урсаж байгаа уснаас болж усан санг найман насос ажиллуулан соруулсан. Яг одоо осол болсон талбай дээр метр орчмын ус байгаа. Бид нарын хувьд далан үүсгэсэн. Осол болох үед хяналтын мастер осолдсон дөрвөн иргэнийг хаана явж байсныг харж байсан. Тэр мэдээлэл дээр тулгуурлан эрлийг зохион байгуулж байна. Мэдээлэл их ортой байгаа хэлсэн газраас нэг осолдогч, бульдозероо гаргах гээд дийлэхгүй байна. Бульдозерийн хутганы ир дээшээ байрлалтай байгаа. Уг бульдозер 80 орчим тонн гэсэн. Түүнийг гаргах гэж тоног төхөөрөмжүүд хэрэглээд дийлэхгүй байна.
Аврагч доор орон 2 метрийн урттай тэмтрүүл гэдэг төмрийг доош зооход төмөр далд орж байгаа. Тэгэхээр 2 метр орчим лаг шавар байна гэсэн үг. Түүний доор экскаватор орсон гэж тооцоолж байгаа.
Бүхэл бүтэн том экскаватор хайгаад олдохгүй нөгөө талаас нь хайхаар тактикаа өөрчлөн ажиллаж байна.
Экскаваторын орчимд нэг хүн явж байсан гэсэн. Бид хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг хийж байна. Өндөрлөг дээрээс талбайг харж байсан нэг залуутай бид мэдээлэл солилцон эрэн хайх ажиллагааг баримжаалж байгаа. Түүний хэлсэн мэдээлэл голчтой байна. Өнөөдөр лаг шавраа холдуулан экскаваторын хажууд байгаа хүнийг олоход хүчтэй механизм ашиглахгүй. Маш багаар тэмтэрч байж олохгүй бол болохгүй. Бид өнөөдөр хуралдан дараагийн ажиллагаагаа эсрэг талаас нь зам даган ханаа даган орох гэж байна. Энэ ч эрсдэлтэй. Тэр хананы цаана мөс тогтсон байгаа.
Үндэсний аврах бригадын найман усчин ажиллаж байна. Хананаас бүх сувгаар гоожиж байна. Насос бэлэн байна. Урт хоолойг холбоно гэдэг маш их цаг хугацаа алдаж байгаа. Компанийн хувьд бүхий л боломжоор хангаж байна. Усаа тусгаарлахын тулд далан байгуулсан.
-Аврах багийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байна?
-Шавран дунд орохлоор ямар ч зүйл харагдахгүй. Гараараа мэдэрч, тэмтрэн хайж байгаа.
Аврагчдын хувьд тэр их шавар дотор маш сайн баримжаалж бодит мэдээллийг бид нарт өгч байгаа. Техникээ гаргах нь компанийн үүрэг. Осолдсон иргэнээ хайн олох нь бид нарын зорилт болчхоод ажиллаж байна.
Нөхцөл байдал туйлын хүнд байна. Манай аврагч нар хуурай хувцас хэрэглэл дээ орчихсон. Том том мөс байсан учраас манай аврагч нарын хувцас зүсэгдэж байгаа. Тэрүүгээр ус орно ш дээ. Ялангуяа усны шумбалтын болон газар хөдлөлийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл байх шаардлагатай бөгөөд онцгой байдлын ерөнхий газраас үе шаттайгаар хангаж байгаа.
-Өнөөдрийн байдлаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Хананаас бүүр булаг шанд шиг ус урсаж байгаа. Ингэж байтал шороо, том том мөс усан цүнхэл рүү нурж унаад байна. Аль болох тусгаарлах далан барьсан ч эрсдэлтэй ихтэй нөхцөлд ажиллаж байна. Өнөөдрийн хувьд өөдөөс харсан зузаан мөсний доор эрлийн үйл ажиллагааг явуулж байгаа. Тэр их мөс унах юм бол бүхэлд цохихоор нөхцөлд ажиллаж байна. Шумбагч нараа олсоор бэхлэн шавар луу оруулж байгаа бөгөөд ямар нэгэн зүйл мэдрэгдэх юм бол маш хурдтай буцах заавар өгөн ажиллаж байна.
“Эко алтан заамар” компанийн зүгээс ослын шалтгааныг газар хөдлөлтөөс болсон хэмээн тайлбарлаж буй. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас усан сангаа буруу байрлалтай үүсгэснээс нуралт болсон гэж эхний байдлаар дүгнэжээ.
Онцолбол, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нуралт үүссэн карьерын дээд талд хиймэл нуур барьсан нь буруу болсон гэдгийг тодотгосон юм. Үүнээс болж хананаас ус нэвчин орж, эрлийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа юм. Эрэл хийж байгаа талын мөсөн хананы, шороо үе үе нурж унаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид өнөөдөр хананы нөгөө талаас лаг шавран дундаас хоёр иргэнийг хайх эрлийг зохион байгуулан ажиллаж байна.