Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр/2019.03.04/ Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Олон Улсын Валюын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн талаар танилцуулжээ. Тэрээр хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлт эерэг хэвээр байгаа бөгөөд бүх тоон зорилтууд биелсэн гэдгийг онцолжээ. Түүнчлэн ОУВС-ийн зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж чадлаа хэмээн дүгнэсэн байна.
Хөтөлбөрийн үр дүнд 2016 онд 1.2 хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр байна. Мөн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ эрс буурсан гэдгийг онцолжээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийдэг бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 6 удаагийн үнэлгээг амжилттай хамтран хэлэлцүүлээд байгаа юм. Хөтөлбөрийн зургаадугаар шатны үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд ОУВС-ийн ажлын хэсэгтэй хамтран хийсэн байдаг юм.