“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2019” арга хэмжээ “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо. амралтын өдөр тааруулж, бас цаг агаар дулаан байсныг хэлэх үү нийслэлчүүд хүүхдээ салхилуулах нэрийн дор жил бүр иргэдийн нүдийг хужирладаг “Бүргэдийн баяр”-ыг зорих аж. Нийслэлээс “Чингисийн хүрээ” баазыг зорих уртаас урт цуваа, дээр нь хотод ойрд цас ороогүй тул олон машин, хүний хөлд талхлагдсан сул шороо, бүхнийг мөнгөөр үнэлсэн зохион байгуулалт.
Энэ бол “Бүргэдийн баяр”-ын үнэн дүр зураг. “Бүргэдийн баяр”-т оролцохын тулд 10 мянган төгрөгийн такс авч байна. Зөвхөн машинаа зогсоолд байрлуулах гэж шүү дээ. Түүнээс биш энэхүү такст ямар нэгэн урамшуулал багтаагүй. Бас “Мөнгөн гэр”-т шувуучлахуй, махчин шувууны тухай танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулж байна. Хүүхдүүдэд сонирхолтой санагдсан ч төлбөр нь 5000 төгрөг. Цаашилбал, бусад үед зардаг байсан гэр рестораны хоолыг сэт болгож 19 мянган төгрөгөөр үнэлжээ. Төлбөргүй байсан ариун цэврийн газар хүртэл төлбөртэй болсон. Нэг ёсондоо аялал жуулчлалаар далимдуулж иргэдийн очих дуртай баярыг мөнгө олох хэрэгсэл болгожээ, зохион байгуулагчид.
“Бүргэдийн баяр”-ыг үзэхийн тулд гадаадын жуулчид манай орныг зорьж ирдэг уламжлалтай. Энэ удаад Тайланд, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ, Их Британи, Турк гэх мэт 10 гаруй орны 100-гаад жуулчин иржээ. Тэдний анхаарлыг хамгийн их татсан зүйл нь сээр цохих, морьт харваа, тулам булаалдах, бүргэдээр ан хийлгэх байв. дээрээс нь казах үндэстний зан заншлыг илэрхийлсэн хувцас, малгай, гар урлалын бүтээгдэхүүн нэлээд эрэлттэй, худалдан авалт сайтай байсныг онцлоё. Ямар ч байсан жилийн жилд “Бүргэдийн баяр”-ыг сонирхох жуулчдын тоо нэмэгдэнэ. Харин зохион байгуулалттаа сайжруулах хэрэгтэй гэдгийг зориуд тэмдэглэе. Дашрамд сонирхуулахад, “Бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгийн долоон сумаас ирсэн 14-88 насны 20 бүргэдчин оролцсон юм. Тэдний 17 нь эрэгтэй, гурав нь эмэгтэй ажээ. Энэ дунд Монгол улсын нэр хүндийг олон улсад таниулан сурталчилж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан охин байв.