Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Хөгжлийн төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын чуулганыг сумандаа анх удаа зохион байгуулав.
Хөрөнгө оруулалтын чуулганы гол зорилго нь суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, сумд,иргэдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн сумын хөгжилд оруулах хувь нэмрийг бодит болгох явдал юм.
Энэ зорилгын үүднээс Ерөө сумын Засаг даргын тамгын газар 2019 онд сум, орон нутагтаа хийх ажлын жагсаалтаа гаргаж, төсөл хэлбэрээр танилцуулсан бол аж ахуйн нэгжүүд тэндээс өөрсдийн хийх боломжтой ажлаа сонгоод гэрээ байгуулжээ.
“Хөгжлийн төлөө түншлэл”-д 71 ААН ирж оролцсон бөгөөд оролцсон бөгөөд аж ахуйн нэгжүүд 2019 онд Ерөө суманд нийт 271,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх амлалт өглөө.
Тухайлбал, “Буян-Од” компани сургууль цэцэрлэгийн өргөтгөл, засвар зэрэг ажил эхний ээлжинд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр босон байна. Энэ мэтээр Ерөө суманд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн хийх төслийг сонгон авч, сумын засаг даргатай гэрээ байгууллаа. Энэ бол сум орон нутгийн хөгжил бодит үр дүнгээ өгөх боломжтой зөв, зүйтэй санаачилга болж буйг чуулганд оролцогчид онцолж байлаа.
Харин хөрөнгө оруулалтын чуулганыг хөндлөнгийн хянагчаар “Захиргааны Шинэ Санаачилга” ТББ, “Бугат Заамар Бургаст Туул” ТББ, “Шинэ Сууршил Эрүүл Аюулгүй Орчин” ТББ-ууд ажиллажээ. “Захиргааны Шинэ Санаачилга” ТББ 2017 оноос эхлэн Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулж олборлох үйлдвэрлэлийн санаачилгыг хэрэгжүүлэх, ААН, иргэдийн хоорондын харилцааг сайжруулах чиглэлээр олон ажил санаачлан зохион байгуулж байгаа юм.
"Хөгжлийн төлөө түншлэл" хөрөнгө оруулалтын чуулганыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.