2-рсарын 28-нд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХК-ийн Баянголын уурхайн хана нурж гурван техник зургаан ажилчин дарагдсан. Осол болсноос хойш 30 гаруй цаг болж байгаа ч дөрвөн ажилчин одоог болтол ор сураггүй хэвээр байна. Онцгой байдлын аврах тусгай ангийн 30 гаруй алба хаагч талбай дээр ажиллаж байна.
Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.
“Эко алтан заамар” ХХК Төв аймгийн Заамар суманд гурван лиценз эзэмшдэг бөгөөд нэг нь Баянголын эх MV-018995 лицензтэй талбай юм.
Харин нөгөө хоёр лиценз нь Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийг дамнан Туул голын голдирол дагуух Их тохойрол нэртэй MV-007712, MV-007713 болон Бор толгойн-MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүд юм.
Гэвч өнгөрсөн оны турш Өгөөмрийн арын тохойрол нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр олборлолтын ажлаа эхэлсэн даруйдаа нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.
Учир нь уг тохойрол нь Хайлааст багийн малчдын малаа ус, хужир шүүнд оруулж, зуншдаг багахан эрүүл газар нь байсан юм. Харин нутгийн иргэдийн тэмцлийн үр дүнд БОАЖЯ-аас уг лиценз нь хууль зөрчсөн, нутгийн иргэдийн эрх ашгийг хөндсөн хэмээн үзэж АМГТ-т уг лицензээ цуцлахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч “Эко алтан заамар” ХХК БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн байдаг.
Харин Баянголын эх буюу осол гарсан уг талбай нь мөн л нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Учир нь уг талбай дээр үйл ажиллагаагаа эхлүүлэхэдээ техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон энэ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа юм. /БОАЖЯ-ын мэргэжилтэн Б.Сарангийн ярилцлагад дурдагдсан/
Энэ мэтчилэн хууль, шүүхийн шийвэр үйлчилдэггүй “Эко алтан Заамар” ХХК бол “Алтайн хүдэр” компанийн охин компани юм. “Алтайн хүдэр” ХХК нь мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурийн уурхайгаас төмрийн хүдэр олборлодог. Үүнээс гадна түүний Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймагт алт болон хүдрийн 10 гаруй уурхай эзэмшдэг бөгөөд эдгээр нь ч үргэлж хэл ам таталж байдаг гэх мэдээлэл бий. Харин энэ бүхний цаад эзэн нь “баян” Ч.Базар гэх эрхэм.
Түүний балгаар ийнхүү дөрвөн хүн амь насаа алдаж, 4-5 метрийн гүн дэх мөстэй усанд онцгойгийн алба хаагчид хэдэн өдрийн турш шумбаж, эрүүл мэндээрээ хохирч байна.