“Хөх сувд-2019” мөсний баяр ирэх амралтын өдрүүдэд болно. Хөвсгөл нуурын мөсөнд хэмжилт хийхэд мөсний баяр болохоос бусад зарим газруудад мөс нимгэн байгаа учраас ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Энэ тухай болон “Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлт зогссон гэсэн боловч шөнийн цагт тээвэрлэгдээд байна” гэсэн ард иргэдийн мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ахлах байцаагч А.Эрдэнэбаатараас тодрууллаа.
- Мөсний баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна ?
- Хөх сувд мөсний баяр зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш хориод жил болж байна. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ гэж нэрлэдэг. Аялал жуучлалын урсгалыг татаад тодорхой хөгжлийн түвшинд хүрч, тодорхой шаардлагыг хангаад жуулчдын анхааралд орсон баяр мөн үү бишүү гэдэгт бид бодох хэрэгтэй. Жил бүр зохион байгуулагддаг ч гэсэн хэлбэр, өнгө төрхийн хувьд гээд олон зүйл дээр олон улсын жишгийн түвшинд гаргаж сайжруулах хэрэгтэй байна гэсэн бодол жил бүрийн баярын дараа бодогддог. Хүмүүс ч шүүмжлэлтэй хандаж санаа оноогоо хэлдэг. Жил бүр төр захиргааны байгууллага ч сайжруулах гээд л шинэлэг арга замыг сонгоод явж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын даргын хувьд гээд энэ өнцөгөөс харахад мөсний баяр наадмын талаар хэд хэдэн зүйлийг хэлэх ёстой.
Нэгдүгээрт бүх нийтийг хамарсан баяр учраас энэ баярыг зохион байгуулах журмыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж батлаж мөрдөх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Бүх нийтийн баяр гээд гадаад, дотоодын маш олон жуулчид, Хөвсгөл аймгийн оршин суугч иргэдийг хамруулсан тус арга хэмжээ нь Хөвсгөл далайн мөсөн дээр эрсдэлтэй, аюултай орчин нөхцөлд болдог. Тодорхой хэмжээнд эрсдэлээс хамгаалсан баяр наадмыг зохион байгуулдаг дэгтэй байх зорилгоор журмыг батлах хэрэгтэй гэсэн саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна. Бид нарын хувьд ч гэсэн энэ зөв санал юм гэж үээд Мөсний баяр зохион байгуулах комисст хүргүүлсэн. Хоёрдугаарт Мөсний баяр болох гэж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулж байна. Ажлын хэсэг холбогдох төрийн байгууллага агентлагуудад зааварчилгаа, зөвлөмжийг өгч байна. Эхний хийсэн алхам бол автомашинуудыг хуурай газарт байршуулах юм. Мөсөн дээр дундажаар 1200 орчим машин зорчин явдаг. Эдгээр машинуудыг мөсөн дээр авто зогсоол хийж маш хүнд даацтайгаар байршуулж баяраа хийдэг нь их эрсдэлтэй учраас баярыг зохион байгуулах комисст үүрэг чиглэл өгсөний дагуу энэ жил 3 га газарт автомашинуудыг байршуулж далайн хамгийн гүн хөлдсөн газарт баяраа тэмдэглэнэ. Энэ нь осол авааргүй баяраа тэмдэглэх зөв алхам болсон гэж үзэж байна. Мөсөн дээр зугаалах, аялах эмх замбараагүй байдлаар автомашинтай дуртай газарт зорчих нь хяналт алдагдах түвшинд хүрдэг. Энэ жилийн хувьд цагдаа, авто тээврийн газар, тусгай хамгаалалттай газрын чиг үүрэг хариуцсан байгууллага, зохион байгуулах комисс энэ чөлөөт аялал зугаалгыг журамлах, тогтоосон маршрутын зам дагуу аялж зугаалах зорчуулах ажлыг зохион байгуулж осол аваар, эндэгдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх нь зүйтэй гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа сануулж байгаа. Мөсний баярыг Мэргэжлийн хяналтын байгууллага онцгойлон үзэж анхаарлаа хандуулж байна.
-Энэ үеэр хоол, хүнсний худалдаа эрхлэгчдэд ямар шаардлага тавьж байна ?
- Олон хүн байгаа учраас төрөл бүрийн үйлчилгээ ялангуяа хүнсний, хоолны худалдаа үйлчилгээ их явагддаг. Ил задгай хүйтэн сэрүүн нөхцөлд талбай дээр худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхэд стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байдалд бид хяналт тавина. Урьдчилан хоол, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхэд ийм стандартын дагуу бэлтгэл ажлыг хангасан байна гэсэн зөвлөмжийг зохих газруудад хүргэсэн. Нөгөө талдаа хүнсний худалдааг эрүүл аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангасан байдлаар яаж худалдаа үйлчилгээг явуулах вэ гэдэг тал дээр зөвлөмж чиглэл өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулаад явж байна. Стандартыг мөрдөж байна уу гэдэгт хяналт тавьж гарсан зөрчилд хариуцлага тооцоод явна. Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх иргэдэд бид хяналтгүйгээр хоолыг урьдчилан бэлтгэх, зориулалт бусаар хадгалах, хонуулсан хоолыг зөөвөрлөн авч ирж худалдаа үйлчилгээ хийхийг хориглож байгаа. Хамгийн гол нь зориулалтын хоолны асар, майхан, гэрт халуун хоолны үйлчилгээг гал тогоонд шууд боловсруулах байдлаар үйлчилгээ үзүүл гэдэг шаардлагыг тавьж байна. Хүнсний хувьд хөлдөлтөөс сэргийлсэн, хугацаа хэтрээгүй байх, нар, салхи, шуурганаас хамгаалагдсан битүүмжлэгдсэн байх зэрэг бүхий л шаардлагыг тавина. Зөөврийн хоол нь хаана бэлтгэж, хэрхэн хадгалж байгаа нь мэдэгдэхгүй учраас халдвар гарах эрсдэлтэй учир онцгой анхааран ажиллаж байна.
- Мөсний баярт ирсэн иргэд Хүслийн хаданд очиж хүслээ шивнэдэг. Энэ жил зорчих боломж байгаа юу ?
- Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг бүхий улсын байцаагч мөсний баяр явагдах талбайн орчим хэмжилт хийж цахимаар иргэдэд мэдээлсэн. Хөвсгөл нуур хамгийн зузаан нь 1 метр 30 см, хамгийн нимгэн нь 60 см хөлдсөн байгаа нь тогтоогдсон. Хүслийн хаданд очих иргэд тусгай тэмдэглэж тогтоосон маршрутын дагуу явах хэрэгтэйг анхааруулж байна. Хөвсгөл нуур нийтдээ 1 метр 30 см хөлдөөгүй зарим газарт нимгэн хөлдсөн, хөлдөөгүй өрх, хар, цагаан хил гарсан байгаа учраас иргэдийг аюулгүй байдлаа ханган зөвхөн зорчихыг зөвшөөрсөн тэмдэг бүхий газраар явах хэрэгтэйг онцгой анхааруулж байна.
- Уучлаарай! Энэ дашрамд нэг зүйлийг тодруулъя. Хилэнтийн гүүр эвдрэх нөхцөл байдал үүссэний улмаас Могойн голоос Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг зогсоох дүгнэлтийг танай байгууллагаас гаргасан. Гэвч Дэлгэрмөрөн голоор шөнийн цагт Эрдэнэт чиглэлд нүүрс тээвэрлэлт явж байна. Зогсоогүй гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Танай байгууллагаас гаргасан шийдвэр яагаад хэрэгжихгүй байна ?
- Могойн голын нүүрсний уурхайн коксжсон нүүрсийг экспортын зориулалтаар тээвэрлэж байгаа байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард тодорхой дүгнэлт акт гаргасан. Хилэнтийн гүүрэнд эвдрэл үүссэн учраас хүнд даацын машиныг явуулж болохгүй гэж хориглосон. Бид 2 сарын хугацаанд Хилэнтийн гүүрээр хүнд даацын автомашинуудыг явуулахгүй хориглож чадсан. Гэвч Мөрөнгөөс Булган хүртэлх авто замд тодорхой чиг үүрэг бүхий хариуцсан яам, хариуцсан хүмүүс замын эвдрэлтэй холбоотой дүгнэлтийг гаргаж өгөхгүй байсан учраас Дэлгэрмөрөн голын мөсөөр гарч засмал замаар нүүрс тээвэрлэх асуудал хязгаарлалтанд орохгүй байна. Мэргэжлийн хяналтын газар бусад ижил чиг үүргийн эрх тэгш байгууллагуудаа удирдаж хяналт шалгалтанд гарч үнэндээ чадахгүй байна. Жишээлбэл Мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагад үүрэг өгөх боломжгүй байна. Харин хамтран ажиллах тал дээр бид ярилцаж байна. Байгаль орчны газар, тээврийн газарт аймгийн шийдвэр гаргагчдаас тодорхой шийдвэр юмуу захирамж, Иргэдийн хурлаас тогтоол гарвал түүнийг хэрэгжүүлэх зорилгоор чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдэн хамтарсан байдлаар энэ хүчрэгдэхгүй байгаа нүүрс тээвэрлэлтийн ажил дээр хязгаарлалт тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцох, нийтийн эрх ашгийн төлөө зорчигч тээврийн замыг хамгаалах эрх зүйн чадамжтай болно. Даанч ийм боломж байхгүй байгаа учраас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт акт үндсэндээ жаахан хүчгүйдэж байна гэдгийг хэлмээр байна. Гэхдээ бид гүүрэн дээрээ хяналт тавьж чадсан. Улсын ахлах байцаагчийн хувьд үүрэг чиглэл даалгавар өгч манай улсын байцаагч нар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Мөрөнгөөс Булган хүртэлх өөрсдийн газар нутаг дээрх зам дээр хийсэн. Дүгнэлт нь гарч байна. Ерөнхийдөө 74 км-179 км дэхь зам буюу 95 км зам дээр хүнд даацын автомашины дугуйны ховил хоёр талдаа үргэлжлэн гарсан, няцралт өгсөн, 12 жижиг гүүрэн дээр даралт өгсөн, үерийн хоолой зарим сувагчлал байгууламж дээр суулт өгсөн зэрэг зөрчил гарч ирж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс Улсын ахлах байцаагчийн эрхийнхээ хүрээнд энэ дүгнэлтийг аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулна. Нийтийн эрх ашгийн төлөө энэ замыг хамгаалж ачаа тээврийн нүүрс явуулахгүй хэрэгтэй байна гэдгийг танилцуулж тээвэрлэлтийг хориглох акт тавина гэсэн бодолтой байна.
- Хилэнтийн гүүр хэзээ засагдах вэ ?
- Бодлогын хувьд Зам тээврийн яаманд санал хүргүүлсэн. Могойн голын нүүрс тээвэрлэлттэй холбоотой гүүр эвдэрсэн. Могойн гол хувьцаат компанид гүүрний засвар арчилгаан дээр акт тавьж төлбөрийг авах хэрэгтэй, одоогоор тодорхой чиглэл ирээгүй байна. Замтай холбоотой асуудал дээр олон хувийн хэвшлийн компаниудтай гэрээ хийгээд эмх замбараагүй явж байна. Хориглосоор байтал Могойн гол компани нүүрсийг ачуулсаар байгаа учраас Могойн голын ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөлд болон Могойн гол компанид хохиролыг барагдуулах акт төлбөрийг тавих нь зүйтэй. Цаашид Мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн хүрээнд энэ бодлого баримтлан ажиллах болно.
Б.Гантуяа
ЭХ СУРВАЛЖ: khuvsguliinungu.mn