Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Эко алтан Заамар" ХХК-тай холбоотой үйл явдал ар араасаа өрнөж байна.
Бид Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрахтай ярилцлаа. Тэрээр "Эко алтан заамар"-тай холбоотой хоёр ч маргаан шүүх дээр явж байна гэв.
Цаашлаад,
-"Эко алтан Заамар"ХХК-ийн Баянгол карьер дээр 80 орчим метрийн гүнд олборлолт явагдаж байгаа. Тэрхүү карьерийн хананаас энэ сарын 28-ны 16 цагийн үед нуралт үүссэн. Нуралт үүсэх үед гурван техник, зураан хүн ажиллаж байсан. Хоёрыг нь аварсан. Одоогоор дөрвөн ажилтан нь хоёр техниктэйгээ шороондоо дарагдчихаад байна.
Нийслэлийн Онцгой байдлын алба, аймаг, сумаас хүмүүс очоод шөнөжин ажилласан. Одоогоор дөрвөн хүнээ олоогүй байна.
"Эко алтан Заамар" компани өнгөрсөн зун Туулын эргээс 50 метрт хөрс хуулалт хийснээс маргаан үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Байгаль орчны үнэлгээн дээр багийн хурлаас санал аваагүй гэдэг асуудал яригдсан. Захиргааны хэрэг дээр хоёр ч хэрэг нь явж байгаа. БОАЖЯ-наас гаргасан дүгнэлтэд "Эко алтан Заамар" гомдож шүүхэд хандсан. Манай сумын захиргаа гуравдагч этгээдээр явж байгаа. Шүүх хурал нь хоёр, гурван удаа хойшилсон.
Мөн аймгийн Захиргааны хэргийн шүүх дээр Багийн иргэдийн хурлын аравдугаар сарын 2-ний шийдвэртэй холбоотой шүүх хурал бас эцэслэгдээгүй явж байна. Ирц хангалтгүй байхад "Эко алтан заамар" ХХК ирц хүрсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр.
Тус компанийн уурхай дээр хоёр жилийн өмнө осол гарч, хүний амь нас хохирч байсан. Ер нь тус компанитай холбоотой олон хэрэг маргаан явж байгаа.