НИТХ-ын 22 дугаар хуралдаан өчигдөр хуралдаж, НИТХ-ын даргыг сонгосон билээ. Энэхүү сонгох ажиллагаа хууль зөрчсөн учир НИТХ дахь АН-ын бүлэг МАН-ын бүлгийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хуралд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч Л.Нарантуяа, Э.Тулгат нар оролцлоо.
АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү:
-НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад хоёр нэр дэвшигч нэр дэвшсэн. Гэтэл Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа НИТХ-ын даргаар Р.Дагвыг олонхоороо түрий барьж баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэгт хуулийн зөвлөх гэж байдаггүй бололтой. Эсвэл баяраа тэмдэглэх гэж хэт их яарсан бололтой. Уг нь нэг нэр дэвшигч нэрээ татсан бол нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дахин эхнээс нь явуулах ёстой байсан гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Э.Тулгат:
-Олонхын санал авсан байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан. Яагаад татгалзсан талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй. Бид нар тэр сонгуулийг явуулахын өмнө Ерөнхий сайдыг өөрөө юм уу төлөөний хүнээ явуулж тайлбар өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Сая бас тавьсан. Аль алиныг нь МАН-ын бүлэг үл ойшоосон. НИТХ бол нутгийн удирдлагын, Үндсэн хуулийн байгууллага. Ерөнхий сайд иргэдээ хүндэтгээгүй гэж үзэж байгаа гэсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа:
-Нийслэлийн МАН-ын бүлэг маш зохион байгуулалтгүй ажиллаж байгаа. Бүлэг нь хоёр хуваагдсан, хоёр тусдаа хуралддаг болсон. 45 хүний саналыг долоон цаг тоолж байна. 2020 оны сонгууль шударга явагдана гэж итгэхгүй байна гэлээ.