АНУ-ын анхны африк-америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар “Becoming: Миний түүх” ном өнөөдрөөс худалдаанд гарч байна. Уг номыг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эх хэлнээ буулгажээ. Анх 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-д худалдаанд гарсан энэхүү ном сар хүрэхгүй хугацаанд хоёр сая гаруй хувь борлогдон, олон дээд амжилт тогтоосон бөгөөд өдгөө дэлхийн 20 гаруй орны хэлээр орчуулагдан гараад байгаа юм. Принстоны их сургууль, Харвардын хуулийн сургуулийг дүүргэж, ажил мэргэжлийнхээ гарааг хуулийн фирмээс эхлүүлэн бизнесийн болон олон нийтийн ажилд ч амжилт олж, улмаар АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэх ховорхон хувь тавилан түүнд заяасан байдаг. Тэгвэл энэхүү үүргийг нэр төртэйгөөр үүрсэн Мишель Обамагийн амьдралын түүхийг “Becoming: Миний түүх” номноос унших боломжтой боллоо.