Б.Зул
Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Бөхийн холбооны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас хойш Бөхийн өргөөнд барилдаан болоогүй. Тухайн үед Бөхийн өргөөнд үймээн гарсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг зогсоосон юм. Бөхчүүд олон сар уулзаж, ярилцсаны эцэст 2019 оны нэгдүгээр сард нээсэн. Удаан хугацаанд хаалттай байсан Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн явж эхэлсэн бөгөөд Гахай жилийн анхны барилдаан Эх орончдын баярын өдрийн барилдаанаар эхэлнэ. Дашрамд сонирхуулахад, Монгол ардын намын 98 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд дөрвөн аварга, дөрвөн арслан зодоглох сурагтай.