Тэртээ он жилүүдэд зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол нарын суралцаж төгссөн Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд энэ намар Монголоос гурван уран бүтээлч суралцахаар болж байна. Манай зохиолчид есдүгээр сарын сүүлчээр Москваг зорих агаад хоёр жилийн хугацаатай, оройн ангид суралцах юм.
Тэд бол зохиолч Х.Дуламсүрэн, редактор Ч.Наранцэцэг, хүүхдийн зохиолч П.Наранбаатар нар агаад, ийнхүү 24 жилийн дараа Монголын утга зохиолын салбарын төлөөлөл Горькийг зорих нь. Харин уг ажлыг гардан зохион байгуулсан хүн бол орчуулагч О.Чинбаяр.
Тэрээр есдүгээр сарын 6-нд өөрийн цахим талбартаа “М.Горькийн сургуулийн дээд дамжаанд суралцах зохиолчдын бүлгийг удирдан ажиллах саналыг тус сургуулийн удирдлагын зүгээс албан ёсоор тавьсан бөгөөд төгссөн сургуульдаа ажиллах энэхүү сайхан саналаас татгалзахын арга байсангүй” хэмээн бичжээ.
Тэгвэл бид өнгөрөгч баасан, бямба гаригт Сүхбаатарын талбайд болсон Үндэсний номын баярын үеэр зохиолч Х.Дуламсүрэнтэй уулзан энэхүү баярт мэдээллийн тухай лавлаад, уншигч тантай дэлгэрүүлэн хуваалцаж байна. Зохиолч Х.Дуламсүрэн Кино урлагийн дээд сургуулийг сэтгүүлч-зохиолч мэргэжлээр төгссөн. Одоогоор нийт есөн ном гаргаад байгаа.
-Маш сайхан мэдээтэй Үндэсний номын баярт оролцож буй танд баяр хүргэе! Олон жилийн дараа Монголчууд Горькийг зорих гэж байна. Тэндээс та юуг олж авах нь чухал гэж бодож байна вэ?
-Мэдээж Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль бол зохиолчдын мөрөөдлийн сургууль. Тэнд олон алдартай зохиолчид багшилдаг. Бас олон алдартай зохиолчид төгссөн. Миний хувьд сэтгэлгээгээ илүү задалъя, илүү юмыг мэдье. Одоо байгаа хэмжээнээсээ илүү чансаатай зохиол бичье. Чадалтай зохиолч болоё гэдэг зорилго өвөртлөөд явах гэж байна.
-Сүүлийн үед хүмүүс оюун санаандаа хөрөнгө оруулалт хийх, сурч боловсроход цаг зав, мөнгөө зарцуулж буй нь анзаарагдах болсон. Зохиолчид эдийн засаг талаасаа уран бүтээлээ хангалттай үнэлүүлж чадаж байна уу?
-Нэг үеэ бодвол илүү дээрдсэн шүү. Номын баяр жилд хоёр удаа болж байна. Уншигчид наадам үзэхээр ирж буй мэт олноор цугладаг болсон. Залуу зохиолчид ар араасаа түрэн гарч ирж байна. Уншигчдын тоо ч нэмэгдсээр байгаа. Номоо бичээд, номынхоо борлуулалтаар амьдарч байгаа зохиолч зөндөө бий. Жишээ нь, би өөрөө сүүлийн гурван жил номынхоо орлогоор амьдарч байна.
-Өмнө нь та гадаадад өөр чиглэлээр ажиллаж байсан. Ажил уран бүтээл хоёроо зэрэгцүүлсээр явж ирэв үү?
-Тийм ээ. Би Солонгос улсад есөн жил эмнэлгийн орчуулгын чиглэлээр ажилласан. Монголдоо ирээд тэнд байхдаа бичсэн зохиолуудаа ном болгож гаргасан. Миний анзаарсан зүйл гэвэл сайн ном бүтээж чадах юм бол түүнийгээ уншигчдадаа хүргээд, борлуулаад, түүгээрээ амьдрал ахуйгаа авч явах, дараагийн номоо хэвлүүлэх мөнгийг олох бололцооны болсон байна.
Мэдээж огт бичиж найруулах авьяас чадваргүй хүн зохиол бичнэ гэж байхгүй шүү дээ. Аливаа хүнд өөрийн өгөгдөл, бяцхан авъяас гэж бий. Түүнийгээ орхихгүй, хөгжүүлээд, тууштай хичээл зүтгэлтэй байх нь чухал юм гэж боддог шүү. Учир нь би 10 настайгаасаа эхэлж шүлэг бичсэн. Хүүхдийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцдог байлаа. Түүнчлэн өөрийн сонирхлоосоо урваагүй учраас өөр чиглэлээр ажилласан ч бичихээ орхиогүй. Мэдээж хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг ямар нэгэн үр дүн авч ирнэ гэж боддог.
Ю.Шүрэнцэцэг