НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн олонхын санал авч НИТХ-ын даргаар томилогдсон Р.Дагва манай сурвалжлагчийн асуултад дараах хариултыг өглөө
- НИТХ-ын даргаа томилогдлоо. Хурлын ажлыг сайжруулах, төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ?
-Тийм ээ, иргэд ч шүүмжилж байна. Хоёр намын бүлгийн төлөөлөгчид ч хуралдааны дэгээ зөрчдөг, хүн болгон өөр өөрийн өнцгөөс ийм тийм байх ёстой гэж хурлын дэгийг тайлбарлаж байна. Хурлын үйл ажиллагаа хэвийн, тогтмол, хариуцлагатай явах ёстой гэж шүүмжилж байсан л даа. Надад ч илт ажиглагдаж байсан.
Цаашид ийм байдлыг арилгаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хангаж хуралдаанд оруулах талд нь дээр илүү анхаарч ажиллана. Мөн хуралдааны дэгийг хуулийн хүрээнд асуудлыг хэлэлцэж, иргэд нийтийн шаардлага хэрэгцээтэй тал дээр Нийслэлийн засаг даргыг ажлаа хийхэд нь дэмжих тал дээр илүү анхаарч ажиллана.
-Сая хэд хоногийн хугацаанд НИТХ-ын төлөөлөгчид хотын дарга, хурлын даргыг сонгох гэх мэт асуудлууд дээр олон янзын байр суурь илэрхийлж, олон цагийн завсарлага авч, нэлээн замбараагүй байдал үүсгэсэн. Та хурлын даргын хувьд дараа дараачийн хуралдаанууд дээр ийм байдал гарвал яах вэ?
-Ялангуяа хотын хурлын үйл ажиллагаа өөрөөсөө хариуцлагыг үнэртүүлэх хэрэгтэй. Хуулийн болон дэгийн хүрээнд илүү хариуцлагатай үйл ажиллагааг цаашид явуулах тал дээр хоёр намын бүлгийг илүү шаардаж ажиллана. Төлөөлөгч нараасаа ч шаардаж ажиллана. Ялангуяа тэр цаг барих, хуралдаан цагтаа эхэлж байх, ажлын хороод, намын бүлгүүдийн хурал дээр үүрэг хүлээсэн хүмүүс гэдгийг нь мэдрүүлэх хүрээнд шаардлага ярина.
Хурлын байгууллага бол Нийслэлийн засаг дарга түүний тамгын газар, бүтцийн байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг дэмжиж ажиллах үүрэгтэй. Хотын хөгжлийг яаж шинэ шатанд гаргах вэ, тулгамдсан асуудлыг хэрхэн зөв зүйтэй шийдвэрлэх вэ гэх мэт олон том хөтөлбөр төсөл, концепцуудыг ярина.
Хотын хөгжилд бодлогын шинэчлэлт, үйл ажиллагааны шинэчлэлт хэрэгтэй байна. Хотын хөгжилд тэр ч байтугай стратеги тактикийн шинэчлэлт ч хийх шаардлагатай байгаа. Тэгэхээр яавал хотын хөгжлийг шинэ шатанд гаргах вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, ТББ, хувийн хэвшлийнхэн гээд маш олон ниймийн субектуудтэй бид ил тод шударга сайхан ажиллана.