НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсонтой холбогдуулан НИТХ ээлжит 22 дугаар хуралдаан болж НИТХ-ын шинэ даргаа сонгохоор хуралдаж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу НИТХ дахь МАН-ын бүлэг Р.Дагвыг хурлын дарга нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа. Үүнтэй зэрэгцэн тус бүлгийн төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас НИТХ-ын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.
Харин Ц.Байгалмаа нь НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч бөгөөд МАН-ын бүлгийн дэд дарга юм. Тэрбээр өөрийн нэрийг дэвшүүлэхдээ "Иргэдийн маань 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа. Хотын амьдрал, хотын төлөвлөлт гээд бүх ажилд эмэгтэйчүүдийн оролцоо илүү байгааг харж байна. Өнөөдөр НИТХ-ын 45 төлөөлөгчийн 10 нь эмэгтэй, тэр ч утгаараа эмэгтэйчүүдээ төлөөлж улс төр гэх ширүүн бөгөөд ур ухаан шаарддаг энэ салбарт надад итгэж сонгосон иргэдээ төлөөлж нийслэлийн бодлогыг тодорхойлох ажилд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж ажиллах үүднээс НИТХ-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлж байна" гэсэн юм.
Ийнхүү нэг намын бүлгээс хоёр нэр дэвшигч тодорсон учраас МАН-ын бүлэг хуралдахаар НИТХ-аас нэг цагийн завсарлага авах хүсэлт гаргав. Гэвч хуралдаан даргалагч 30 минутын завсарлага өгснөөр НИТХ завсарлалаа.