Вьетнам улсын нийслэл Ханой хотод Америк, Умард Солонгосын төрийн тэргүүнүүд хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Гэвч дэлхийн нийтийн найдлага тавин хүлээж байсан шиг үр бүтээлтэй өндөрлөж чадсангүй. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнөөдөр өглөө уулзаж, өдөр хүндэтгэлийн зоог барьж харилцан зөвшилцлийн гэрээ хэлэлцээрүүд, Солонгосын дайн дууссаныг гэрчлэх тунхаг бичигт гарын үсэг зурна гэсэн хүлээлттэй байсан юм.
Үдийн зоог, гарын үсэг зураг ёслол цуцлагдаж төрийн тэргүүд зочид буудалруугаа буцсан. БНАСАУ, АНУ-ууд ганзага хоосон буцах болсон нь Ким Жон Ун АНУ-ын тавьсан болзолд бэлтгэлгүй байснаас болсон гэж барууныхан үзэж байна. Өөрөөр хэлбэл Умард Солонгосын удирдагч Ёнбён дахь цөмийн зэвсгийн үйлдвэрээ хаах хүсэлтээ илэрхийлж хариуд нь бүх хориг арга хэмжээг цуглахыг хүсчээ. "АНУ-ын хувьд энэ боломжгүй бөгөөд ямар ч тохиолдолд улсынхаа эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахгүй" гэж Трамп уулзалт бүтэлгүйтсэний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Мөн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "АНУ Умард Солонгосын төсөөлж байснаас илүү шаардлага тавьсан. Үүнд тэд бэлтгэлгүй байсан" гэж мэдэгджээ.
Ким Жон Ун, Дональд Трамп нар гуравдахиа уулзах талаар ямар нэг шийд гаргахад эрт байгаа ч дахин уулзана гэдэгтээ найдаж байгаагаа Америкийн Ерөнхийлөгч илэрхийлжээ. "Умард Солонгосын эсрэг тавьсан эдийн засгийн хориг ирээдүйд цуцлагдана гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй Ким Жон Унтай нөхөрсөг харилцаатай хэвээр үлдсэн, заримдаа хүнд тайван алхмаар үе байдаг тэр үе л ирсэн хэрэг" гэж Трамп үргэлжлүүлэн ярьсан байна.
Хоёр улсын түүхэн уулзалтад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын Засгийн газар дээд хэмжээний уулзалт тасарсанд бусдын адил гайхширч буйгаа илэрхийлжээ. Трамп гэртээ харихаар замдаа гарсан ба онгоцондоо суугаад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярихаа хэлсэн байна. Харилцан зөвшилцлийн гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй ч Сингапурт болсон анхны уулзалттай харьцуулахад үр дүнтэй уулзалт болсон гэж талууд дүгнэж байна. "Ким Жон Ун дахин цөмийн хөтөлбөрийн туршилт хийхгүй, би түүнийг хэлсэн амандаа хүрнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Олон улсын сэтгүүлч сурвалжлагчдын хөндөж байсан өөр нэг зүйл бол Умард Солонгосын хүний эрхийн асуудал байсан юм. Умард Солонгост хоригдож байгаад эх орондоо ирээд амьсгал хураасан Отто Вармберын тухай асуухад Трамп "энэ талаар Ким Жон Ун хараахан мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн, уг хэрэгт тэр холбогдолгүй" хэмээжээ. Трампыг түүхэн дээд хэмжээний уулзалтаа шат ахиулахаар Вьетнам улсад ажиллаж байх хооронд түүний өмгөөлөгч байсан Майкл Кохеноос Конгрессийн танхимд эрх баригчид мэдүүлэг авсан. Кохен Ерөнхийлөгч Трампыг мөнгө өгч ажил даалгаж байсан тухай ярьсан ч Трамп түүнийг худлаа ярьж байна гэлээ. Эзгүй хойгуур нь хэлэлцүүлэг явуулсан Ардчилсан намынхныг шүүмжлэн буруутгажээ.
Трампын хэлснээр АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн хэн нь ч Умард Солонгосын асуудалд хүчин чармайлт гарган ажиллаагүй гэжээ. Умард Солонгостой тохиролцох асуудал аль эртнээс эхлэх ёстой байсныг тодотгосон байна.
Эх сурвалж: www.cnn.com, www.guardian.com