Өмнөх дугаартаа бид Засгийн газраас 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар өмчилсөн 928 обьектийн тавыг нь буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий “Баянгол зочид буудал”, “Талх чихэр”, “Мах импекс” компани, Монголдоо нефть импортоор тэргүүлдэг Ж.Оюунгэрэлийн “Петровис” компанийн охин компани НИК, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн АПУ компанийн өмч хувьчлалын “но”-той баримтуудыг хөндөж тавьсан билээ
Харин энэ удаад их аварга Г.Давгадоржийн хувьчилж авсан “Аса цирк”, Монголын тэргүүн баячуудын нэг “Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэнгийн мэдлийн “Улсын их дэлгүүр”-ийн өмч хувьчлалын түүхийг сөхөж байна.
1.5 тэрбум төгрөгөөр “Аса цирк”-ийг хувьчилсан нь
Дэлхийд шагшигдаж явсан Монголын цирк хөгжөөд энэ онд 78 дахь жилтэйгээ золгож байна. Эргэн санавал, тэртээ 1971 онд одоогийн “Асацирк”-ийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байсан билээ. Ийнхүү Монголын циркчид бэлтгэл, сургуулилтаа хийж, уран бүтээлээ толилуулах байртай болсон юм.
Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж, 1750хүний суудалтайгаар төлөвлөсөн гэдэг.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971-ээс хувьчлагдах 2007 он хүртэлх хугацаанд 30-аад ажиллагсад, 200 орчим уран бүтээлч, 40 гаруй мал, амьтан, араатантай байсан тухай тоон баримт бий.
Долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байжээ. Харамсалтай нь, хуудуутай хувьчлалын балгаар хүүхэд залуусын соёлд суралцах, нүд баясаж, сэтгэл сэргэх газар нэгээр хорогдсон. Одоо хотын А зэрэглэлд “Аса цирк” гэх нэртэй энэ бөөрөнхий байшинд элдэв төрлийн худалдаа, наймаа, сар шинийн золголт, буян ном хурах хурал, цуглаан, төрөл бүрийн урлагийн тоглолт л болдог болсон. Гадна талбай нь машины худалдаа наймаагаар дүүрсэн гээд циркийн урлагийг хөгжүүлэх бус бизнес, ашиг хонжооны төлөөх байгууллага болсон нь нүдэнд ил.
Тэр битгий хэл, хүүхэд шуугьсан их тайз байх ёстой энэ газар хөлчүү хүмүүсийн цугладаг ресторан паб болж, хуучин цирк цэнгээний газар боллоо. Тодруулбал, “Аса цирк”-ийн зүүн талын өргөтгөлд их аваргын байгуулсан “Grand Circus” нэртэй чамгүй өндөр үнэтэй ресторан паб нээлтээ хийгээд удаагүй байна.
Саяхан болсон нээлтийн ёслолд улс төр, урлаг соёл, бизнесийн томчууд болон загварын ертөнцийн топууд ирсэн харагдана лээ. Хамгийн муухай нь, хүүхэд багачуудын үзэх дуртай алиалгчид маань томчуудын бааранд жонглиор эргүүлж, циркийн үзүүлбэр үзүүлээд зогсож байх ч гэж. Энэ бол эмгэнэл.
Ерөөс өнөөдрийн энэ эмгэнэл хаанаас, юунаас болж эхлэв гэдгийг нягталлаа
Циркийн хувьчлал явагдах үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг Өвөрхангайнх гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл Д.Сугарыг циркийн хувьчлалыг явуулахдаа нутаг усны үзлээр хандаж, улсын заан Д.Долгорсүрэнгийн хөвгүүдэд циркийг “Бэлэглэчихсэн” гэж ярьдаг юм билээ.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд циркийн үйл ажиллагааг явуулах 350 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж чадахгүй учир циркийг менежментийн хувьчлалд оруулж, мэргэжлийн хүнээр удирдуулах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Ингээд “Аса групп”, “Их цирк”, “Монгол цирк” гэсэн гурван баг өрсөлдөхөөр болж, менежментийн төлөвлөгөө, цаашдын хөгжлийн стратегаа танилцуулсан байдаг. Тухайн үед менежментийн хувьчлалыг зарлахдаа циркийг зориулалтынх нь дагуу ашиглаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах болзол тавьсан.
Ингээд менежментийн гэрээний тендерт их аварга Д.Давгадоржийн ах Д.Сэржбүдээгээр ахлуулсан багийн бүрэлдэхүүнд тухайн үеийн циркийн даргаар ажиллаж байсан Э.Дорж, мөн үеийн менежер Н.Болдбаатар, дасгалжуулагч Н.Намхай, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн нарын долоон хүн оржээ.
Хоёр дахь багт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Эксэфийл” групп нь “Касс трейдинг” компанийн нэр дээр өрсөлдөхөөр мэдүүлжээ. Уг багт гавьяат зүтгэлтэн С.Ухнаа, Ж.Жанчивдорж, Ш.Цогтхүү нар багтсан аж. Гурав дахь өрсөлдөгчөөр, “Магнай трейд” компанийн нэр дор циркийн даргаар ажиллаж байсан Н.Батмөнх, циркийн найруулагч Д.Зоригт, циркийн орлогч дарга У.Энхбаяр нарын хүмүүс багтсан байна.
Ингээд хувьчлалд оролцогчид циркийг хөгжүүлэх санхүүгийн саналаа өгчээ. “Их цирк” баг 5.2, “Монгол цирк”-ийнхэн 4.4, “Аса” баг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн аж.
Хамгийн сонирхолтой нь, ТӨХ-ны шинжээчдийн багийн дүгнэлтээр тухайн үеийн босго оноонд хамгийн ойр үнэлгээ өгсөн гэсэн үндэслэлээр хамгийн бага мөнгө амласан “Аса” багийг шалгаруулахаар шийдсэн байдаг. Ингэж ялалт байгуулсан нь “Өвөрхангайнх” байсантай нь холбоотой гэж тендерт оролцогчид хэлсэн байдаг.
Ингэж Улсын циркийг ТӨХ-ны тендерийн комиссоос 2007 оны нэгдүгээр сарын 9-нд өнөөгийн “Аса цирк” болох үндэс суурийг тавьсан байдаг. Тухайн үедээ ажилчдын цалинг нэмэхээс гадна хөдөлмөр, аюулгүй байдалд онцгой анхаарна гэсэн нөхцөлөөр 1.5 тэрбум төгрөгийн 20 хувь болох 300 сая төгрөгийг улсад төлж, үлдсэнийг нь циркийг хөгжүүлэх үйлсэд зарцуулна гэсэн амлалт өгснөөр менежментийн гэрээг байгуулж байжээ.
Түүнчлэн хоёр жил менежментийн гэрээгээр явсны эцэст дүгнээд хувьчлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр тогтсон байдаг аж. Гэсэн ч хоёр биш, хагас жилийн дотор ТӨХ-ноос “Сайн байсан” гэсэн дүгнэлт гаргаж, “Аса” ХХК худалдан авч, 100 хувь хувийн өмчид шилжсэн байна.
Үндсэндээ, 11 жилийн өмнө менежментийн гэрээ нэрээр 300 сая төгрөгөөр циркийг худалдан авахдаа дэлхийд гайхагдах цирк болгоно гэж амлаж, хувьчилсан “Аса” багийнхан хэлсэн амандаа хүрэхгүйгээр үл барам монголын циркчдийг орох оронгүй, оочих газаргүй тэнэмлүүд болгож орхисон бодит төрх энэ. Тиймээс цэнхэр, ягаан тасалбарын өмч хувьчлалыг шалгах ажлыг эхлүүлсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт циркчид хандана гэдгээ хэлж байна.
Ногдол ашиг тараадаггүй “Улсын их дэлгүүр”-ийн хувьчлал
Цэнхэр, ягаан тасалбараар хагартлаа хөлжиж, Монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж яваа эрхмүүдийн нэг бол “Номин холдинг” компанийн захирал асан, одоо зөвлөхөөр ажиллаж буй А.Шагдарсүрэн. Түүнийг “Улсын их дэлгүүр”-ийг шударга бус замаар хувьчилж авсан гэж олон хүн ярьдаг. Тиймээс тэр үеийн их дэлгүүрийн хувьчлал хэрхэн явагдсан талаар баримт эргүүлж үзлээ.
“Улсын их дэлгүүр” нь ЗХУ-ын худалдааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх 1924 онд хүүхдийн, баримтат кино театрын байранд "Төв дэлгүүр" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Улмаар 1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-аас Монгол Улсын нутаг дээгүүр дайран өнгөрөх төмөр замын гурван жилийн төлбөрт зориулан улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, "Улсын их дэлгүүр"-ийг 1961 оны зургадугаар сарын 28-нд ашиглалтад оруулсан байна.
Их хувьчлалын үе буюу 1999 онд Засгийн газрын шийдвэрээр тус дэлгүүрийг хувьцаат компани болгох шийдвэр гаргаж, нийт гаргасан хувьцааны 40 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, үлдсэн 60 хувийг дөрвөн тэнцүү багц болгон нийтэд нээлттэйгээр арилжаалжээ.
Тэгвэл одоо тус компанийн нийт хувьцааны 70 гаруй хувийг А.Шагдарсүрэн болон түүний үр хүүхэд, үлдсэн 30 орчим хувийг бусад хувьцаа эзэмшигчид өмчилж байгаа гэсэн тайлан мэдээ “Улсын их дэлгүүр”-ийн танилцуулгад дурджээ.
Мэдээж “Улсын их дэлгүүр” бол 100 хувь А.Шагдарсүрэнгийн компани биш бөгөөд хувьцааных нь 30 гаруй хувийг 45 мянган жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Эдгээр жижиг хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 20 жилд ганцхан зүйлийг л хүссэн. Энэ нь хувьцааны ногдол ашиг.
Харамсалтай нь, тэр хоолоо хуваахгүй хүсэхгүйн дээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироож, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилласаар байгаа юм. Улсын их дэлгүүрийн санхүүгийн тайлан жил бүр алагдалтай гардаг учраас жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломжгүй гэсэн ганцхан тайлбарыг үеийн үед хэлсээр ирсэн.
Хэн ч харсан гэсэн “Улсын их дэлгүүр”-ийн барилгыг “Номин”-гийн охин компаниудад түрээслэсэн нэрээр, хуурамчаар алдагдал үүсгэж, хуурамч тайлан гаргаж, хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаа нь илт. Уг нь их дэлгүүр нийт 20 мянган ам метр түрээсийн талбайтай бөгөөд компанийн орлого түрээслэгчдийн мөнгөнөөс бүрддэг.
“Улсын их дэлгүүр” нь нийт 36 сая 807 мянган хувьцаатай
Үүний 61 хувийг “Номин холдинг” компани эзэмшдэг бол 38 хувийг нь 45.500 иргэн эзэмшдэг. Тодруулбал, дэлгүүрийн 61 хувийн хувьцааг А.Шагдарсүрэн Р.Содном, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр гэсэн гэр бүлийн гишүүд эзэмшиж байна. Тиймээс тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид гээд бүх асуудлыг өөрсдийнхөө талд шийддэг.
Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр тус дэлгүүрийн нэгж хувьцааны үнэ 500 төгрөг байна. Тэгвэл 1999 онд хувьчлагдсан тус дэлгүүр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван удаа л ногдол ашиг тараажээ. Ингэхдээ тэд жижиг хувьцаа эзэмшигч нартаа 3- 30 төгрөгийн ногдол ашиг тарааж “доромжилсон” байдаг.
Улсаас алдар нэрийг харамгүй хүртсэн А.Шагдарсүрэн гуай одоогоор “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг. Харин түүний гурван хүү бүгд өөрсдийн компанидаа өндөр албан тушаалыг хашдаг. Түүнчлэн энэ гэр бүл худалдааны салбараар зогсохгүй барилгын бизнест хүч үзэж, тансаг зэрэглэлийн орон сууц барьснаараа хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө халаасалсан. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох их хэмжээний эд баялаг хуримтлуулсан атлаа хэдхэн хувьцаа эзэмшигчийн таван төгрөгт горойж, шуналтаж байгаа нь ёс зүйтэй бизнесмэн гэж хэлэхэд хэцүү юм.
Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсаар байх бололтой. Харин тэдний энэ “гайхалтай” түүхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлгэж чадах болов уу.
Эх сурвалж: Ардчилал таймс сонин