БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах шинэ төв цэвэрлэх байгууламжийн шавыг өнөөдөр тавина
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 1964 онд баригдсан бөгөөд 1978 он, 2003-2004, 2007-2009 онуудад гадны орны хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээс өөрөөр бараг "гар хүрээгүй". Анх 500 000 хүн амтай хотод зориулан барьсан ч өнөөдөр нийслэл хот албан бус тоогоор 1 500 000 хүнтэй болсон тул хотын хүн амын бохирын асуудлыг шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн.
Анхлан төлөвлөснөөс гурав дахин их хүчин чадлаар "зүтгүүлж" буй төв цэвэрлэхийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн барих ажлыг 2000 оноос хойш ярьж буй ч улс хөрөнгийн бололцоогүй, дээрээс нь нэг Засгийн газар гарч ирээд нэг хувилбар ярьдаг туйлбаргүй байдлаас үүдэн өнөөдрийг хүргэсэн.
2014 онд Францын "Артилло" гэх компаниар ТЭЗҮ хийлгэсэн байдаг. Тэр ч бүү хэл 2018-08-27-ны өдөр тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлтийг хийж байжээ. Тэрбээр, “Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хавар газар гэсэх үеэр эхлүүлэх хүлээлттэй байна. Ажил эхэлбэл 1.6 жилийн хугацаанд барьж дуусах тооцоотой" гэж ярьж байсан байх юм.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр дахин нэг нээлтийг хийх гэж байна. Гэхдээ 2014 онд хийлгэсэн ТЭЗҮ-д үндэслэн хуучин төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Өнгөрсөн онд Засгийн газар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг хөөцөлдөж эхэлсэн бөгөөд Хятадын талаас гурван компани шалгаруулж, манай улсын засгийн газарт санал болгосон аж. Хариуцсан яамнаас хязгаарлагдмал тендер зарлахад "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" шалгарчээ.
Цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг гурван жилийн хугацаанд барьж дуусгах буюу 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Нийт ажлын 50 хувийг БНХАУ-ын компаниуд хийнэ, 50 хувийг монголын компаниуд хийнэ. Ажиллах хүч мөн хоёр улс 50:50 хувьтай байна. Мөн Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35 хувь хүртэл Монголын талаас нийлүүлнэ.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр буюу одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх боломжтой болно.
ТЦБ-ийн лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж, цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоо гарчээ.