Д.Эрдэнэцэцэг
үг нь зүрхэнд, аялгуу нь сэтгэлд хоногшсон энэ сайхан уран бүтээлийн эзэн бол мэдээж Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг юм. “Сэрүүн зүүд шиг амьдрал”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мандах нар”, “Итгэл өгөөч наддаа”, “Найзууд”, “Бүлээн бороо”, “Хайраа санана”, “Намайг эзэмдэх чиний сэтгэл” гээд түүний урын сан дэндүү дотно. Уран бүтээл нь “амьтай”, дуу хоолой нь хүчтэй. Тэгвэл тун удахгүй энэ бүхнийг бие, сэтгэлээрээ мэдрэх боломж Алтаагийн фэнүүдэд олдох нь. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 8-нд “Хайр гэж...” тоглолтоо тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Түүнтэй тоглолт болоод сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таны тоглолтын тухай яриа гадуур их байна. алдахгүй үзэх гэсэн фэн ч олон байгаа бололтой. Харин та тоглолтын бэлтгэл ажил гээд тун завгүй сууна уу?
-Бэлтгэл ажил их байлгүй яах вэ. Гэхдээ энэ удаагийн тоглолтын арын ажлыг “On&off” продакшнд бүхлээр нь хариуцуулсан байгаа. Миний хувьд хувийн бэлтгэлдээ л түлхүү анаарч байна.
-Хамгийн сүүлд 2013 онд “Алтанцэцэг” нэртэй тоглолтоо хийж байсан. Тухайн үеийн уур амьсгалыг эргэн дурсаач?
-Соёлын төв өргөөнд болсон тус тоглолтоос хойш зургаан жил өнгөрсөн байна. 1000 үзэгчид зориулан 1000 гаруй уран бүтээлч оролцсон нүсэр тоглолт хийсэн л дээ. Морин хуурын чуулга, Улсын филармони, хүүхдийн ордны найрал гээд өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт болж байв. Жаахан гунигтай нь тэр олон хүнийг цуглуулж, зохион байгуулж чадсан хэрнээ өөрөө хувийн бэлтгэл тун тааруу тайзан дээр гарсан. Тоглолт маань сайхан болсон ч эргээд бичлэг энэ тэрийг үзэж суухад нүүр будалтаас эхлээд л яаруу сандруу гарчихсан нь илт харагдаж байсан л даа. Энэ удаа дээрх алдаагаа засна (инээв). “On&off” продакшны С.Ононбат бол маш туршлагатай уран бүтээлч. Тиймээс тоглолтын найруулагч, ерөнхий зохион байгуулагчаар сонгосон байгаа.
-Тоглолтын бэлтгэл ажил хангаагдаад эхлэхээр дагаад таны сэтгэл их хөдөлж, догдолж байгаа болов уу?
-Сэтгэл дэндүү догдолж байна. Мөн олон, олон гэнэтийн бэлэгтэй байхаар төлөвлөсөн. Тухайлбал, өмнөх тоглолтууд дээр дуулж байгаагүй өөрийн хуучны сайхан дуунуудаа дуулна. Учир нь 2007 онд хийсэн “Нисч ирсэн дурлал”, 2013 онд хийсэн “Алтанцэцэг” тоглолт дээр анх дуулж гарч ирсэн “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Итгэл өгөөч наддаа” зэрэг дууг ерөөсөө дуулж байгаагүй юм билээ. Тиймээс эдгээр дуугаа дуулахаар шийсэн.
-Бүрэлдэхүүний хувьд?
-Тоглолт үндсэндээ дөрвөн хэсэгтэй. Сонгодог, ардын, найрал дуутай, амьд хөгжимтэй гээд аль болох баялаг, мэргэжлийн ур чадварыг харуулсан байхаар зохион байгуулах юм. Бүрэлдэхүүнд Улсын филармони, гавьяат жүжигчин Б.Дашдондог, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуурийн дуучин Б.Гомбо-Очир, Монголын хүүхдийн ордны найрал мөн хөгжимчдийн баг бүрэлдэхүүнийг Н.Пүрэвсүх хариуцаж оролцох юм. Энэ мэт өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоглолтондоо бэлтгэж байна. Гуравдугаар сарын 8-ныг зориуд сонгосон. Би ээж хүн, эмэгтэй хүн. Энэ өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэй дуучныхаа хувьд эрхээ эдэлж дуулна, маш олон хүнээс хайр, хүндлэл хүлээнэ, аз жаргалыг мэдэрнэ. Үзэгчдэдээ ч аз жаргал бэлэглэмээр байна. Тиймдээ ч толглолтоо “Хайр гэж...” хэмээн нэрлэсэн.
-Уран бүтээлч тэр дундаа эмэгтэй уран бүтээлчтэй хайрын тухай ярихгүй өнгөрч боломгүй санагддаг юм. Хайр гэж таныхаар чухам юу юм бэ?
-“Хайр” гэх сэдэв маш өргөн ойлголттой зүйл л дээ. Олон ч утга агуулгыг илэрхийлж, шингээж байдаг. Би боддог юм. Хүүхэд байхад эцэг, эхийн хайрыг хамгийн том хүндлэл болгон хүлээж авдаг байж. Идэр насан дээрээ буюу гэр бүлтэй болоод ирэхээр эр нөхрийн хайрыг хүндэлдэг юм байна. Одоо харин үр хүүхдийн хайрыг хүндлэлд тооцдог болж эхэлж байна. Тэдний минь хайр хамгийн энхрий, эрхэм санагддаг.
Нөгөөтэйгүүр монголчууд дууч ард түмэн, хайрын тухай ч их дуулдаг. Би ч гэсэн гуравдугаар сарын 8-нд ээжийн тухай, эх орны тухай, элбэрэл журмын тухай, анд найзын тухай, хайрын тухай гээд маш олон хайрын сэдэвтэй дуу дуулна.
-Хэсэг хугацаанд таныг уран бүтээлээсээ хөндийрчихөв үү гэж харагдсан. Юу хийж байв?
-2009-2013 он хүртэл “Pro sound” гээд студи ажиллуулсан. Энэ хугацаанд маш олон төсөл дээр ажиллалаа. Хүмүүс санаж байгаа бол Рагу Раман гээд UBS телевизийн төслийн шүүгч хийж байсан залуутай хамтран төслүүд дээр ажилласан.
“Манай аялгуу” нэг, хоёр болон “Extacy” гээд охидын хамтлагийг гаргаж ирсэн. Үүнээс гадна маш олон киноны дуу оруулга, хадмал орчуулга, киноны дуу шинэчлэх ажил дээр бид тодорхой хэмжээний дэвшилттэй зүйлсийг хийсэн. Өөрөөр хэлбэл, дуу, дүрсний чанарыг сайжруулах үүднээс шинэ техник технологийг нэвтрүүлсэн юм. Тус хугацаанд өөрийнхөө ардын дууны ганцхан цомог л гаргасан.
2016 онд “Чингисийн хүүхдүүд” гээд уран сайхны продюсероор ажиллах завшаан тохиолдов. Энэ кино маань оюуны өмчийг дээдэлсэн их сайхан бүтээл болсон. Монгол хүүхдүүдийн хэв маяг, хэрхэн байгаль эхтэйгээ зохицон амьдарч байна вэ гэдгийг гадныханд их гоёор харуулахыг зорьсон бүтээл л дээ. Ер нь гадны уран бүтээлчдэд зориулж хийсэн кино гэж хэлж болно. “Чингисийн хүүхдүүд” кино маань нийт 11 фистевальд оролцсон. Дөрвөн том шагнал авсан байгаа. 2018 оны зургадугаар сарын 27-нд НҮБ-ын байранд кино маань гарсан. Мөн АНУ-ын “Калифорниа” компанитай гэрээ хийж, дэлхий даяар цацах эрхийг нь өгсөн. Түүгээр зогсохгүй тус компани “Чингисийн хүүхдүүд”-2 төслийг хийхээр Япон руу явсан. Тэнд очиж, Сүмогийн холбооныхонтой уулзсан юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын уламжлалт спорт болох бөхийн тухай кино хийхээр судалж байна. Дээрх төслийн хүрээнд би АНУ-ын Лос-Анжелст хоёр жил амьдарсан.
-Таны хэрэгжүүлж байсан төслүүдийн нэг нь охидын хамтлаг гаргах. Та ч бас сая дурдлаа. Тухайн үедээ нэлээд сенсацитай гарч ирж байсан ч одоо “сураггүй” болж. Хамтлаг удаан хугацаанд нэгдэж чадаагүйн шалтгаан нь юу байв?
-Ер нь аливаа төсөл тухайн үедээ л хийгддэг юм байна л даа. Харин яг мэргэжлийн дуучин болоод явна гэвэл тэс өөр асуудал. Мэргэжлийн дуучин болохын тулд суралцдаг. Харин шоунаас мэргэжлийн дуучин болно гэвэл учир дутагдалтай юм. Миний бодлоор дуучин хүн маш их суралцах хэрэгтэй. Нотоо мэддэг, дууны утга учир, дууны урлагт суралцсан байх ёстой. Тэд хөөрхөн охидууд ч гэсэн урлагийн биш мэргэжилтэй, урлаг сонирхдог охид л байсан. Өөр, өөрийн мэргэжлийг хөөгөөд явсан. Ер нь манайд яг урлагийн чиглэлийн сургуулиас нь хүүхдүүдийг авч хамтлаг болгох, бие даасан уран бүтээлч болгох зүйл жаахан дутагдалтай байгаад байдаг юм.
Миний хувьд их азтай. Алтан үеийн мэргэжлийн багш нараар хичээл заалгаж байлаа. Ичинхорлоо, Найдалмаа, Дашиймаа, Ойдов гээд. Харамсалтай нь, өнөөдөр олонх нь бурхан болсон. Алтан үеийн багш нар маань Монголын концертын тайзан дээр дутагдаж байгаа ямар хоолой байна, жишээ нь баритон, басс зэрэг хоолойг олж авчирч, бэлдэж гаргадаг байсан. Энэ бодлого алдагдчихаад байгаа юм. Үүнийг зохицуулдаг хууль нь ч алга. Тиймээс эмх замбараагүй л яваад байна. Хууль хэрэгжээд цэгцрээд ирвэл шал ондоо болно. Өрсөлдөөн бий болно, түүнээс гарч ирж байгаа хүмүүсээс сонголт хийх боломжтой болно.
-АНУ, Монгол хоёрыг шууд харьцуулахад мэдээж өрөөсгөл. Гэхдээ та багагүй хугацаанд тэнд амьдарсаны хувьд олон зүйлийг харж, мэдэрсэн болов уу. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн ихээр бодогдож байсан зүйл юу байв?
-Энэ хугацаанд маш олон зүйлийг олж харлаа. Монголчууд өөрсдийн гэсэн онцлогтой контентуудыг үйлдвэрлэх хэрэгтэй юм байна. Энэ нь зөвхөн өөрсдөдөө зориулсан биш, гаднынханд зориулсан байх шаардлагатай. Тэнд зах зээл нь байгаад байгаа юм. Нэг ааруул хийсэн ч дэлхийд гаргах ямар гарч байна вэ гэдгийг бодолцож хийгээсэй. Үр хүүхдүүдээ дэлхийн хөгжлөөс хоцрооохгүйгээр шинэ содон, сонин гэсэн зүйлд өргөнөөр оролцуулж байгаасай. Мөн бид дотоодын сургалтуудаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэж харлаа.
Нэг үеэ бодвол залуус мундаг болжээ. Сая л харж байхад О.Энх-Эрдэнэ гээд хүү олон улсын том шоунд хэчнээн амжилттай оролцож байна. Монгол түмнээ огшоож чадлаа. Энэ мэт урлагаар дамжуулаад бид дархлаагаа бий болгох хэрэгтэй байгаа юм.
-Ингэхэд та хамгийн сүүлд хэдэн онд CD-гээ гаргаж байлаа?
-2010, 2011 онд ардын дууны болон “Хүүхэд насны дурсамж” гээд цомог гаргасан.
-10-аад жилийн өмнө цацаж байсан клипүүдийг тань эргэн үзлээ. Тэр үеийн таны харц, төрх нэг л тийм энхрий... Залуу насныхаа тухай дурсаач?
-Залуу байна гэдэг тэр аяараа эрч хүч, энерги байж. Мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэл, том зориг. Эргээд харахад ямарваа нэг шийдвэрийг шууд л гаргана. “Сайхан, муухай” гэж хэлүүлэхээ ч үл тоодог байсан байна. Залуу нас л болсон хойно мэдээж алдаатай, оноотой байсан. Гэхдээ дуучныхаа хувьд зоригтой, юуг ч үл ажраад юмаа хийдэг байжээ. Энэ бүхэн үнэхээр гоё санагддаг юм байна. Гэхдээ одоо ч залуу, хийж бүтээх насан дээрээ байна л гэж боддог (инээв).
-Урлагийнханд уран бүтээл бүтсэн сонин, нандин түүхүүд олон байдаг шүү дээ. Танд ч бас бий болов уу?
-Байлгүй яах вэ, олон бий. Тэр дундаас 2002 онд хийсэн “Будан суухаас нь өмнө” дууны клипний үйл явц. Тухайн үе “Херо”-гийн Баатар, рок Мөнхсайхан ах бид хэд Увс аймгийн Түргэн суманд очиж зураг авалтаа авсан. Цүнхэгийн амралт гээд маш гоё мөнх цастай, хүрхрээтэй газар байсан. Айлууд зусландаа гарчихсан, цэцэг ногоо дэлгэрчихсэн, хонь мал бэлчээд л... Клипнийхээ зураг авалтыг хүрхрээн дотор сууж авахуулсан юм. Сүүлд нь хүмүүс үзчихээд “Энэ хаана байдаг газар вэ” гэж их асуусан.
Мөнх цастай учраас маш хүйтэн гэж чигтэйхэн. Булгийн ус бараг цастайгаа урсана. Би бараг цасан дотор сууж зураг авалтаа хийсэн. Дан дээлтэй. Ар нуруунаас хүрхрээний түрлэг түлхэж, унагаачихгээд. Гэтэл би завилаад суучихсан, бараг хоёр цаг болсон. Тэгээд босох гэсэн чаддаггүй. Хамаг бие хөшчихөж. Харин зураг авалтын баг, тэнд байсан аймгийн театрынхан “Бид нар хөлдөж үхэх гэж байхад чи нээрээ юу ч болоогүй юм шиг дуулсаар байгаад дуусгалаа” гээд бүгд алга ташсан шүү (инээв). Намайг дээлэнд ороогоод дамжилж гаргаж, гэсгээсэн дээ. Би тухайн үедээ бодсон. “Эмэгтэй хүн, дээр нь хүүхэд гаргаагүй байж ингэж их даарч болох байсан уу, үгүй юу” гээд. Гэтэл эсэргээрээ би тэр гоё мөнх цастай, хүчтэй уулын энергийг авсан. Дараа жил нь хөөрхөн хүүтэй болсон юм. Дуу маань ч ард түмэнд маш сайхан хүрсэн. Тийм болохоор би энэ дуундаа маш их хайртай байдаг юм. Шүлгийг Ш.Гүрбазар ах, аяыг нь Н.Жанцанноров гуай зохиосон, ээжийн тухай дуу л даа.
ийм л сайхан дуу.
-Сайхан хүүтэй болсон гэж ярилаа. Одоо бол гурван хүүхэдтэй шүү дээ. Тэднийхээ тухай яриач?
-Би гурван сайхан үртэй хүн. Том хүү маань 15 настай. Харин дунд охин маань их хөөрхөн, дуулах авьяастай, бага охин одоо таван нас хүрч байгаа.
Дунд охин Лос-Анжелест байх хоёр жилийн хугацаандаа Таниша гээд алдартай багшийн удирдлага дор дууны хичээл сурсан. Энэ жил “On&off” продакшны артист болж, төгөлдөр хуур тоглонгоо дуулж эхэлж байна. Маш сэргэлэн, ээжийнхээ дуулах авьяасыг өвлөсөн, их мэдрэмжтэй охин. Аль гуравхан настайдаа л ээжийнхээ тоглолтод оролцож, таван настайдаа ”Би хүүхэлдэй” гээд цомог гаргасан. Нөхөр маань охиныхоо дуулахыг харах их дуртай. Харж байгаа харц бол ярих юмгүй ялдам шүү дээ. “Охин минь ээжээсээ мундаг дуучин болно доо” гэж надад хэлдэг юм. Би ч гэсэн охиноо дуучин болоосой гэж хүсдэг. Учир нь миний элэнц эмээ дуучин хүн байсан. Ер нь дуучин хүн хорвоо ертөнцийг чийглэж, уяраах тавилантай юм шүү дээ.
-Таны ярианаас анзаарч байхад нэлээд шүтлэгтэй санагдлаа?
-Шүтлэгтэй, шүтлэгтэй. Буддын шашин шүтнэ. Гэртээ бурхан тахилтай, жигтэйхэн шүтлэгтэй хүн шүү дээ. Уул усандаа сүү саалиа өргөнө. Амнаасаа ерөөлгүй үг унагаачихгүй юмсан гэж бодно. Хүүхдээ өвдөхөд Ногоон дарь эхийн таринаа уншаад суучихдаг хүн шүү дээ (инээв).
-Таны “Мандах нар” дууны клип цацагдахад тухайн үедээ хүмүүс их хачирхсан байдлаар хүлээж авч байсныг би санадаг. Нэг хатны сүнс ордон дотор яваад л... Дууны дүрсжүүлэлтийн агуулгыг яагаад тийм байдлаар хийсэн юм бэ?
-“Мандах нар” нь ардын дуу л даа. Клипний зураг авалтыг Богд хааны ордон музейд авсан. Санаа нь бол аливаа зүйл эзэнтэй, эзэнтэй зүйл рүү хүн орж, шунаж болохгүй гэдгийг уран сайхны илэрхийлэлээр гаргаж тавьсан.
-Ардын дууны цомог гаргаж байсан дуучны хувьд цаашид ч хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулъя гэж бодох юм уу?
-Бодолгүй яах вэ. Бид ардын дууг этник, орчин үеийн болгож дуулж байна. Гэхдээ өнгө, ая, дангийн нугалааг хамаагүй өөрчилж болохгүй. Хөгжмийг нь харин орчин цагийн хэмнэл, урсгалаар нь оруулж ирж болно. Тухайлбал, энэ удаагийн концертон дээр бүх дууныхаа аяыг дахин шинэчилж, нотолж байгаа. Өөрөөр хэлбэл, контент болгон гаргах юм.
-Дуучин Нарантай хамтран дуулсан “Найзууд” дуу тань бүсгүйчүүдийн дунд бас л хит бүтээл. Таны хувьд найз гэж хэн бэ?
-Манай Ц.Хулангийн шүлэг.
...Алслаад одсон он жилүүдээс
Алт шиг шиг тунаад надтай уулзсан...
гэдэг шиг хүний амьдралд эцэг эхээс илүү ойр дотно хүмүүс байдаг нь найз нөхөд шүү дээ. Хүн тэднээсээ л аз жаргал, гуниг зовлон, ухаарал гээд бүх зүйлээ л олж авдаг. Хэнд ч хэлээгүй дотны үгээ найздаа л хэлж байдаг.
Найз гэдэг хүний амьдралд маш чухал үүрэгтэй гэж би боддог юм. Би өөрөө ч их нөхөрсөг хүн. Хүмүүсийг ялгаж, салгаж харьцахаасаа илүүтэй нэг чиг шугамыг барьж олон сайхан найзуудтай байхсан гэж боддог. Бие биенээсээ үлгэр авна, биесээ дэмжинэ, хэн хэндээ уусч нөхөрлөнө, алдаа дутагдлаа олж харж, засаж залруулна. Надад унаган багын, оюутан ахуйн, уран бүтээлийн гээд олон сайхан найз ч бий.
-Тоглолтоос гадна өмнөө тавьсан ойрын зорилт юу байна вэ?
-Тоглолтын дараа шинэ дуунуудаараа цомог гаргахаар төлөвлөсөн байгаа. Уран бүтээлч, дуучныхаа ажлыг түлхүү хийе гэсэн бодолтой.
-Сонирхоод асуухад, та өөрийнхөө түүхийг өгүүлсэн намтарчилсан ном гаргая гэж бодож байв уу?
-Саяхан “50 чухал хүн” гэсэн номонд орсон. Бичье гэвэл цуглуулсан баримт их бий л дээ. Гэхдээ одоо бол цаг нь болоогүй байна. Мэдээж хэрэг хүн л юм чинь амьдралаа эргээд нэг харад дахиад нэг амьдарсан юм шиг сайхан түүхтэй байхсан гэсэн бодол бий.
-Монгол уран бүтээлчид дан ганц уран бүтээлээрээ санхүүгээ авч явах маш хүндрэлтэй. Тиймдээ ч манай урлагийнхан давхар, тэр дундаа бизнес их эрхэлдэг. Таны хувьд?
-Би их сайн ханьтай. Гэр бүлийн хүн маань ажлыг минь ойлгож, дэмждэг. Түүнээс би дангаараа уран бүтээлээрээ амьдарна гэвэл Монголд асар өрөөсгөл ойлголт. Үнэхээр боломжгүй, жижиг зах зээл шүү.
-Уулзах урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа