Вьетнам улсын нийслэл Ханой хотод яг одоо цельсийн 23 хэмийн халуун, агаарын чийгшил 93 хувьтай байна.
Чийглэг халуун хотын өөр нэг халуун сэдэв бол Америкийн төрийн тэргүүн Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт юм.
Бүхэл өдөржин үргэлжлэх уулзалтын нэг хэсэг нь Метрополь зочид буудлын гадаах усан сангийн дэргэд нөхөрсөг яриа өрнүүлэх байлаа.
Гэсэн ч цаг агаарын байдлаас шалтгаалж уулзалтын тов төлөвлөгөөнд өөрчлөлт оржээ.
Хэт халуун чийглэг уур амьсгал дунд болж буй дээд хэмжээний уулзалтад оролцогчид дүрмийн дагуу албан хослолтой байгаа тул хэт удаан гадаа байх нь тохиромжгүй гэж үзсэн байна.
Төрийн тэргүүнүүд уулзсанаас хойш хоёр цаг гаруйн хугацаа өнгөрлөө.
Умард Солонгосын удирдагч Ким уулзалтын үеэр "дэлхийн нийтээрээ бидний уулзалтыг адал явдалт уран зөгнөлт кино шиг л шимтэн харж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн хошигносон байна.
Трампын хувьд олон арван жилийн турш дайсагнасан улс орнууд холбоо харилцаагаа сайжруулахаар хүчин чармайлт гаргаж байгаа нь чухал болохоос хэр удаан, хурдан байх нь чухал биш гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "миний хувьд хурд чухал биш, хамгийн гол нь зөв шийдвэр гаргах хэрэгтэй" гэсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com