Ж.Баяр
Нийслэлийн Засаг даргыг сонгох марафон багагүй дуулиантай болж өнгөрлөө. Үүний хажуугаар нэг зүйл их тодорч харагдсан нь олон нийт нэр дэвшигчдийн хэн нь, хэний хүн бэ гэдэг дээр л онцгой анхаараад байсан нь билээ. Энэ явдал Монголын улс төрийн гол шалгуур ямар байна вэ гэдгийг тодорхой заасан хэрэг. Бас цаанаас нь тэрний хүн бол болно, энэнийх болохгүй гэсэн санаа цухалзаад байх.
Түүнээс биш тухайн нэр дэвшигчийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, хувийн намтар түүх бараг хамаагүй болчихжээ. Нөгөө нэр дэвшигчид ч аль нэг хүний тавиул мэт харагдахгүй байх, үгүй ядахнаа тийм дүр эсгэхийн тулд “Би даргатай ажил хэргийн л холбоотой байсан” эсвэл “Ер нь би намын даргатай уулзаж байгаагүй хүн дээ” гэсэн няцаалт маягийн тодруулга ч өгч байх шиг.
Ганц энэ удаа ийм явдал болж байгаа гэвэл өрөөсгөл. Ерөнхийдөө улс төрд ахиж яваа хүмүүсийн гол зовлон хийгээд бахархал анх хэнээр хөтлүүлж орж ирсэн нь байдаг юм. Ухаандаа “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн” хэмээн Ардын намынханд адлагддаг УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаяр даргын 47 дүү МАН-д байна” гэж ярьдаг бол үүний нэг л жишээ.
Улс төрийн хүрээнийхний энэ тал, тохой татдаг байдал тэдэндээ бол бараг дажгүй ч санагддаг байж болох юм. Харин улстөрчдийг албан тушаалд очиход нь доод албанд нь ажиллаж нэг үгээр тэднээр “овоглуулсан” төрийн албан хаагчдад бараг эмгэнэл болж байна. Сайн дураараа төрд ажиллаж, улсдаа зүтгэе гэсэн хүн салбарынхаа сайдын тавиул болж харагдаад байдаг. Тийм юм байдаг л байх.
Гэхдээ бас бүгдээрээ биш. Бүгдээрээ байсан ч ийм өнцгөөс хардаг зуршил явсаар төрийн албыг хүний нөөцгүй болгох нь. Ялангуяа дөрвөн жилээр улс төрийн орчин нь солигддог бидэн шиг улсад бүр хоржоонтой. Намаараа талцдаг байдал бидний цөөхөн монголчуудын талыг нь “хог” болгодог. Сайд даргаасаа эхлээд хорооны хэсгийн ахлагч хүртлээ нам л ялагдвал ажилгүй үлддэгтэй бид эвлэрчээ. Харин одоо аль нэг улстөрчийн хүн гэдэг өнцгөөр хандаж дэвшүүлдэг эсвэл бүр тэр “шошго”-той нь хатаадаг байдалтай эвлэрмээргүй байна.
Энэ мэтээр Н.Алтанхуягийн, С.Баярын, Н.Энхбаярын гээд бараг төрд ойртуулж болохгүй бүхэл бүтэн сүрэг бий. Сонин юм шүү. Том улс төрч нөлөөгөө алдахад намынхан нь дагуулаад төрд ажиллах чадвартай, тодорхой туршлагатай хүмүүсээ адалж эхэлдэг нь.
Бүгдээрээ гишүүн, сайд болоод явж чадахгүйгээс хойш хэн нэгний захиргаан дор ажиллаж л таарна. Харин төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч нэг хүний нэрийг энгэртээ хадуулсан залуусын зарим нь төрд ажиллах нүүргүй болох шахаж байна.
Задлаж тайлбарлая л даа. Манай хөдөлмөрийн насны бүх хүний хэд нь мэдлэг боловсролын хувьд төрийн албаны хариуцлагатай ажилд тохирох вэ. Тал нь нөгөө намын дэмжигчид байгаа. Нам дотроо ч бүлэг, фракц гэж ангилагдана. Гэтэл нам доторх бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж нэг талаа ялчихвал эсрэг гэж харагдсан хүн бүрт ямар ч өршөөл алга.
Тухайлбал, он гарсны дараахан УИХ-ын дарга солигдсон. Тус бүтцийн ажлын албаныхны ярьж буйгаар дагаад зөвлөх, ажилчдаас нь арваад хүн гарсан байх жишээтэй. Улс төрийн, төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүн өөрийн багаа бүрдүүлэхдээ тухайн хүн ажлаа шуурхай, хүчтэй явуулж чадах уу гэдгээс урьтаж, итгэл даах уу гэдэг шалгуураа тавьж байгаа нь, энэ. Энэ нэг л жишээ.
Энэ бүхний үр дүнд өсч дэвжих боломжтой, мэдлэгтэй залуус “лааз өшиглөж” байна
УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөх Б.Гүнбилэг гэхэд л салбартаа танигдсан хуульч. Харин одоо М.Энхболдын хүн гэдэг нэр түүнийг их л удаан дагалдана даа.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх гялалзсан залуучууд одоо хаана явааг мэдэж байгаа хүн ингэхэд байна уу. Түүний хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр гэж залуу лав тухайн цагтаа барьж орсон олон хуулиа хамгаалж УИХ-ын гишүүдийг улайлгаад чуулган дээр сууж байдаг байлаа. Одоо бас л сураггүй.
Энэ мэтээр Н.Алтанхуягийн, С.Баярын, Н.Энхбаярын гээд бараг төрд ойртуулж болохгүй бүхэл бүтэн сүрэг бий. Сонин юм шүү. Том улс төрч нөлөөгөө алдахад намынхан нь дагуулаад төрд ажиллах чадвартай, тодорхой туршлагатай хүмүүсээ адалж эхэлдэг нь. Зүгээр дээрх хүмүүсээр жишээ авчихлаа. Түүнээс мөрөөрөө яваа улсуудыг цоллох гэсэнгүй. Манай улс хүн цөөтэй. Цөөн хүнтэй тусмаа потенциалаа тултал нь ашиглах ёстойг сануулах гэсэн хэрэг. Итгэл даах асуудал төрийн албаны нэг шалгуур байж болох ч эрдэм мэдлэгийн дээр гарчихаж болохгүй. Үүнийг нийтээрээ ойлгомоор байна гэсэн санаа.
Анзаараад байхад төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүд ихэнх нь залуучууд байна. Уг нь тохь суусан томчуудаас л тавьбал илүү оновчтой ажил мэт. Үгүй ядаж Гадаад харилцааны яаманд насаараа ажиллаж, албан тушаал хашсан туршлагатай хүнээр гадаад бодлогын зөвлөх хийлгэж байна уу гээд харахад байхгүй шүү. Учир мэдэх хүмүүсийн ярихаар бол хөөрхий төрийн өндөр албан тушаалд очсон хэн ч байлаа алдар нэртэй, туршлагатай зөвлөхтэй болохыг зорьдог юм билээ. Гэтэл цаад хашрууд нь тухайн албан тушаалтны нэрээр хаяглагдаж “шошго” зүүхээс татгалзчихдаг гэж байгаа. Ингээд л ажил туршлагаар дутмаг, олон нийт төдийлөн танихгүй хүн тавихаас өөр сонголтгүй болдог. Түүнийгээ сонгохдоо хамаатан юм уу эсвэл “За, энэ нэг залууг тавьчихвал арай ч намайг гол гаргачихгүй байх” гэсэн шалгуураар ханддаг гэх. Үнэхээр ч өнөөдрийн өндөрлөгүүдийн зөвлөхүүдийн дийлэнх нь ил цагаандаа гарсан дэмжигчид нь л байна. Салбартаа танигдсан нэр хүндтэй орон тооны зөвлөх цөөхөн дөө. Зөвлөх, дарга гээд албан тушаалтай явсан хүмүүс бол яахав арга ядахад дээд сургуульд багш хийчихнэ. Мөнгөтэй нь хувийн бизнесээ хөгжүүлж, гадагшаа сургуульд явж болж байна. Тэгвэл зүгээр хүний захиргаан дор ажил хийж байснаасаа болоод "адлагдчихсан" хүмүүс ч бий.
Миний нэг танил АН-ын нөлөө бүхий УИХ-ын гишүүний туслах байлаа. 2016 оны сонгуулийн дараа АН ялагдахад тэр бусад мянга мянган өөртэйгөө адил хүний жишгээр гудамжинд гарсан юм. Ингээд өөр ажилд орох гэтэл төрийн байгууллага байтугай хувийн хэвшлийн байгууллагууд ч авахаас жийрхэж байж. Нөгөөх гишүүнийх нь алдар цуугаас болоод өнөөгийн эрх баригчдын уурыг хүргэхгүй гэж шүү дээ. Бүр Солонгосын хөрөнгө оруулалттай компани хүртэл намтрыг нь хараад татгалзсан гэж байгаа. Тэгээд ажил хийхгүй амьдрах чадалтай биш болохоор өөрийнхөө өмнө нь ажиллаж байсан газраа нууж байж нэг газар орсон байна лээ. Тэр ажил бол өөрийнх нь мэдлэг, чадвар, боловсролтой харьцуулахад дэндүү доогуур л даа.
Тэгэхээр Монгол Улсад хүний нөөц муу байгаа юм биш. Харин хүний нөөцийн бодлого нь гажигтай болчихжээ гэсэн үг. Ийм үед хэн ч байлаа гэсэн дарга нь “хужаагийн тагнуул”, “сайн ах”, “оффшорчин”, “газрын наймаачин”, “барууны гар хөл” гэж цоллуулчихгүй байгаасай гэж залбирахаас өөр арга байна уу. Тиймээс бүгдээрээ төрд ажиллаж буй хүмүүсийг дээр нь томилогдсон улстөрчдөөс салгаж харж суръя. Улстөрчид, намуудын удирдлагууд ч төрийн албан хаагчдыг хонь хурга шиг ялгаж хүний өөрийн гэхгүй байхыг эх оронч үүргээ гэж үздэг болчих хэрэгтэй байна. Залуус улс төрийн нам, тодорхой лидерийн малгайн дор ажиллаж өсч дэвжих нь дэлхийн хаана ч байдаг л үзэгдэл. Харин бидний согог бол багаар ажиллах гэдгийг бүлэг болгох гэж ойлгодог болсон нь юм. Магадгүй хотын утаа өтгөрч, ядуурал ихэсч, залууст мөрөөдөл үгүй болж байгаагийн нэг шалтгаан энэ улстөрчдийн “шошго” байх шүү.