АНУ-ын гаргасан тооцооллоор Оросын армийн цэргийн хүчин чадал 2028 он гэхэд дэлхийд тэргүүлэх аж. Үүгээр зогсохгүй Хятадын арми зуузай холбон нэхэж 2030 онд Оросыг гүйцнэ гэж тооцоолж байна.
Пентагоны мэдэгдэж байгаагаар дээрх байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд Америкт ердөө 10-аад жил л үлджээ. Пентагон ирэх жилүүдэд зэвсгийн 200 орчим хөтөлбөрийг хасч эсвэл хойшлуулан, армийн хүчин чадалд зарцуулах хөрөнгө оруулалт төсвийг танаснаар Орос, Хятадын армиуд хүч түрэн орж ирэх боломжийг олгож байна.
Америкийг Ойрхи Дорнод дахь үймээн самуунд анхаарлаа хандуулж байх хооронд Орос, Хятад улсууд батлан хамгаалах, цэрэг армийн хүчин чадлаа шинэчлэн сайжруулаад байгаа юм.
Нэгдсэн улсын армийн нарийн бичгийн дарга Марк Эспер 40-өөд жил ашигласан техник тоног төхөөрөмжөө шинэчлэх цаг ирсэн гэжээ. Армийн энэ жилийн төсөвт 182 тэрбум ам.долларыг ерөнхий төсөв, цалин хөлс, үргэлжилж буй дайн тулаанд зарцуулахаар тусгасан. Үүний 22 тэрбум ам.долларыг шинэ зэвсэг худалдаж авахад зориулах юм.
Ойрын долоо хоногуудад Батлан хамгаалах төсвийн зарцуулалтын талаар Вашингтоны эрх баригчид дэлгэрэнгүй танилцуулна. Энэ мэдээг Америкийн зэвсэг төхөөрөмжийг ханган нийлүүлдэг BAE зэрэг үйлдвэрлэгчид тэсэн ядан хүлээж байна.
Эх сурвалж: www.reuters.com