ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 32 дугаар тэмдэглэл, "Эрдэнэт үйлдвэр" хувьцаат компани болон "Монголросцветмет" нэгдлийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Энэ тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах болсон нь хэд хэдэн учир шалтгаантай. 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах хоёр улсын хэлэлцээр хийгдэж, 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр хамгийн сүүлчийн байдлаар 62 жилийн нөөцтэй стратегийн чухал орд юм гэдэг ТЭЗҮ гарсан. Ашиггүй үйлдвэр биш гэдэг нь энэхүү ТЭЗҮ-ээс харагддаг.
2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр Засгийн газар хаалттай хуралджээ. 32 дугаар тэмдэглэлд дурдсанаар тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж "Монголын зэс корпораци"-д худалдах тухай" танилцуулгыг хийжээ.
Гэтэл тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дансанд байсан мөнгө энэ дүнгийн гуравны нэгд хүрэхээр байжээ
Энэ хуралд ХХБ-ны захирал О.Орхон, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Монголын зэс корпораци"-ийн захирал Д.Эрдэнбилэг нар оролцож, өмчлөлийн хувьд ХХБ үүнд оролцож байгаа гэдгээ илэрхийлжээ.
УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 337 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкнаас авсан эх үүсвэрийг нягтлаад төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон аж.
Засгийн газрын долдугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг суутган тооцож, төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах тухай" заажээ. Ялангуяа УИХ-ын тогтоол ҮХЦ-ийн дүгнэлтээр "үндсэн хуулийн зөрчилгүй" гэдэг нь тогтоогдсон юм.
Гэтэл "Монголын зэс корпораци" нэхэмжлэн шүүхийн маргаан гаргаж, захиргааны хэргийн шүүх дээр гурван шатанд Засгийн газар ялагдсан байна.
Уг шүүх дээр Засгийн газар ялагдсан долоон шалтгааны нэг нь "ХХБ, "Монголын зэс корпораци" хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд биш" гэсэн дүгнэлт. Гэтэл "ХХБ, "Монголын зэс корпораци" хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд мөн бөгөөд санхүүгийн болоод удирдлагын хувьд хамааралтай" гэж О.Орхон захирал тухайн хурал дээр хэлж байсан нь нууцын тэмдэглэлд үлджээ.
Энэхүү хурлын тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцын зэрэглэлд байлгасаар байсан аж
Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл нь санхүүжилтийн схем. 2016-04-16-ны өдөр 5 сая доллар, 2016-06-17-ны өдөр 182 сая доллар, 2016-06-30-ны өдөр 213 сая 250 мянган долларыг "Монголын зэс корпораци"-аас "Ростек" рүү шилжүүлсэн. Нийт 400 сая 727 мянган доллараар "Монголын зэс корпораци" Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан аж.
Яаж энэ мөнгө боссон бэ?
Мөн ХХБ өөрөө "Юнайтед Энержи", "Ривер стоун" гэх мэт гурван компанид зээл өгөөд "Монголын зэс корпораци" руу нэг сарын хугацаанд бүгдийг нь шилжүүлүүлжээ. Түүнээс 20-иод хоногийн дараа Монгол банкнаас 160 тэрбум төгрөгийг шилжүүлж авсанаас харвал төрийн өмчийг төрийн мөнгөөр хувийн компанид худалдсан байх магадлалтай.
Засгийн газрын 50 дугаар тэмдэглэлд дурдсанаар уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг ХЗДХ-ийн сайдад даалгаж, АТГ болон ЦЕГ-т санхүүгийн эх үүсвэрийг шалгахыг даалгажээ. Өөрөөр хэлбэл өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь ХХБ-ны өөрийн өмч байсан юм бэ гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гэтэл нийслэлийн прокурор дээр уг хэргийг түдгэлзүүлжээ.
Энэ хэрэг захиргааны хэргийн шүүх дээр очиж, хоёр шүүгч ажилласан аж. Гэтэл тэдний нэг нь ХХБ-нд өмнө нь ажиллаж байсан хүн. Энэ бүхнээс харвал авилгын хэрэг гэж үзэх үндэслэл бий. Иймд уг хоёр шүүгчийг АТГ-д шилжүүлж, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодруулна гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: 20 минутын дараа эхлэх ҮАБЗ-ийн хурал дээр энэ асуудлыг танилцуулна. Хэрвээ энэ систем үнэн бол эрүүгийн хариуцлага. Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан мөнгө угаалтын гэмт хэрэг байж болзошгүй гэж Засгийн газар хардаж байна.
Мөн тэрээр, "УИХ-ын 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж ҮХЦ-ийн дүгнэлт гарсан учраас энэ асуудал дээр Монгол улсын төр засаг ямар байдлаар ажиллах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ёстой. Бүх материалыг бид татаж үзсэн. Байнгын хороодын дарга нар, ажлын хэсгийн гишүүд, төрийн гурван өндөрлөг, хууль хяналтын байгууллагууд нэгдсэн ойлголттой байх ёстой учраас өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг оруулж хэлэлцүүлэх гэж байна" гэлээ.
Стандарт банктай холбоотой асуудал дээр" албаар яллагдах" нөхцөл үүссэн байж болзошгүй гэсэн материалууд олдсон аж
Стандарт банкны удирдлагууд холбогдох материалаа арбитрын шүүх дээр гаргаж өгөөгүй аж. Энэ тохиолдолд зориудаар санхүүгийн схемд оролцсон хүмүүс гэж хардаж байна. Хуулийн байгууллага эцэслэн тогтоох биз. Гэхдээ анхаарал татаж буй нэг үндэслэл нь н.Дөлгөөн гэдэг хүний эзэмшдэг "Юнайтад энержи" гэх компани, Ганбатын Хүрэлбаатар, Ц.Пүрэвтүвшин нарын эзэмшлийн компаниуд буцаад Монголын зэс корпораци руу орчихсон байгаа юм. Эдгээр хүмүүс нь бүгд ХХБ-тай холбоотой.
Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд шалгалтын явцад тодорхой болно. 71,3 сая, 51,3 сая долларууд Хөтлийн цемент, QFC гэдэг компани руу орсон нь баримтаар нотлогдсон. Монгол банкны өрийн бичгээс авсан QFC компаниас хоёр удаа 100 тэрбум төгрөг гарсан. Буцаад "Хэйди трейдинг" компани руу орсон. Энэ нь н.Хүрэлбаатарын компани. "Девилопмент" гэдэг компани нь Эрдэнийн Батхүүгийн компани гэх мэт.
Энэ бүхнээс харвал Монгол банкны ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн хэрэг үүсч магадгүй. Яагаад гэвэл Монгол банк хэзээ ч аж ахуйн нэгж рүү шууд мөнгө өгөх эрхзүйн үндэс байхгүй.
Ийм ноцтой хэрэг үүсчихээд байхад өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс байцаалт аваагүй байна. Засгийн газар арга хэмжээ авна. Олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Сэтгүүлчдэд нууцын зэрэглэлээс гарсан материалыг эх хувиар нь өгнө. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ямар хувь хүмүүс эрх мэдлээ ашиглан оролцов гэдэг нь тодорхой болох биз.