Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.
Энэ дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.
Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн өргөн мэдүүлснээр дараах нэр бүхий эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээв.
Бүдээбазарын Авид
Бадрахын Бурмаажав
Содномсамбуугийн Дэмбэрэл
Сампилдондовын Чулуун
Очбадрахын Чулуунбаатар
Рүвжирийн Шагдарсүрэн
Халтарын Энхжаргал
Академичдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “АКАДЕМИЧ” ХЭРГЭМ ХҮРТЭЭСНИЙ ДАРАА:
“Эрхэм хүндэт академичид аа,
Судалгаа шинжилгээний нөр хөдөлмөр, бүтээл туурвилаараа шалгаран, эрдэм мэдлэгийн орой болсон “Академич” хэмээх хэргэмийг хүртсэн шилдэг эрдэмтдэдээ чин сэтгэлийн баяр хүргэж, үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.
Хубилай сэцэн хааны бодлогоор найман зууны тэртээ шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж байсан уламжлалтай. Төрийн бодлогын энэ чиг шугам одоо ч хадгалагдаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг “… хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна” гэсэн заалтаар тусгагдсан бөгөөд холбогдох бусад олон хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тусгасан байдаг.
Шинжлэх ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Иргэний танхимд төрийн бодлого, үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн.
Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологгүй, инновацгүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүй орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй.
Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.
Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна.
Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.