Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2019.2.26/ Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтанбулаг хилийн боомт, Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг түшиглэн хэрэгжүүлж буй Хилийн үйлчилгээг сайжруулах төсөл, Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төслийн явцтай газар дээр нь танилцлаа.
"Алтанбулаг" чөлөөт бүс 2014 онд байнгын үйл ажиллагаанд шилжсэнээс хойш чөлөөт бүсийн нутаг дэвсгэрээр зорчиж буй хүний тоо, нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа аж.
Одоо тус чөлөөт бүсийн үйл ажиллагааг тэлэхэд хамгийн тулгамдсан хэрэгцээ нь бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил гэнэ.
Мөн зэргэлдээ оршдог Алтанбулаг боомт, Алтанбулаг чөлөөт бүс, Алтанбулаг сумын дэд бүтэц, ялангуяа цэвэр, бохир усны хангамжийг харилцан уялдаатай шийдэх арга замыг эрэлхийлж байгаа аж. Энэ ажлыг сум орон нутгийн удирдлагууд дангаараа шийдаж чадахгүй учраас энэ өдрүүдэд тус суманд ажиллаж байгаа Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.
Энэ уулзалтад Алтанбулаг чөлөөт бүсэд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцжээ.
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Алтанбулаг боомтыг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлж, боомтоор дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээврийн урсгалыг салгаж, шинээр авто зам тавьж нэвтрэх урсгалыг чөлөөтэй болгохын зэрэгцээ Сүхбаатар хотод Мал эмнэлгийн лаборатори, Алтанбулаг боомтод Хүнсний аюулгүй байдлын лаборатори, Ургамал, малын хорио цээрийн байгууламж шинээр барихаар болж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл,мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.