Нидерланд улсын гаалийн алба 90,000 шил архи ачсан чингэлэг илрүүлсэн байна. Уг чингэлгийг эдийн засгийн хориг тавьсан Умард Солонгос руу гаргах гэж байсан гэж мэдэгджээ.
Гаалийн албаны төлөөлөгч Роул Веллеманы мэдэгдсэнээр чингэлгийг ачсан усан онгоцыг Хятад Коско усан тээврийн компани эзэмшдэг байна. Чингэлэгт хууль бус ямар нэг зүйл тээвэрлэж байна гэсэн мэдээлэл Нидерландын гаалийн албад ирж, мэдээллийн дагуу шалгаснаар олон мянган шил архийг илрүүлжээ.
Умард Солонгос улс баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа тул тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн импортолж, экспортлохыг олон улсын зүгээс хориглоод байгаа юм.
Хятад бол Умард Солонгосын худалдааны хамгийн том түнш төдийгүй түүхэн харилцаатай. Урьд өмнө нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан олон улсын хоригийг олонтаа зөрчсөн гэж Хятадын талыг ажиглагчид буруутгасаар ирсэн.
Нидерландын гаалийн алба 90,000 шил архийг хүргэх эцсийн зогсоол нь Умард Солонгос гэдгийг 90 хувьтай батална гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com