“Иргэний шударга шүүх” ТББ-аас төрийн байгууллагын үйл ажиллагаа ялангуяа хууль хяналтын байгууллагын алба хаагчдад хууль ёсыг хэвшүүлэх, шударга ёсыг тогтоох зорилготойгоор 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч нартай холбоотой иргэдийн эрх эрх чөлөөнд зөрчсөн асуудлыг олон нийтэд дэлгэн хяналт тавьж ажилласан гэлээ.
13 жилийн өмнө шүүх ажиллаж чадахгүй байна хэмээх шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байсан. Иймд дахин уг зөвлөлд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж байна.
Шаардлага хүргүүлэх тухай:
Төрийн албаны хариуцлага, сахилга батыг нэмэгдүүлж, улмаар нийгэмд шударга ёсыг тогтооно хэмээн эрхч хүчтэй ажиллаж байгаа эрхэм дарга нарт.
Монголын хүний төлөө нам нь нийгэмд шударга ёсыг тогтох, хууль ёсыг хэвшүүлэхэд ялангуяа төрийн албаны сахилга бат, хариуцлагыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Монгол улсын төр Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 19-р зүйлд заасан төрийн үүргийг иргэнийхээ өмнө биелүүлэхэд дараах ажлуудыг нэн даруй хийх ёстой хэмээн энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Шүүх, хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах онцгой эрх бүхий Ард түмний хяналтын хороог байгуулж шүүх, хууль хяналтын байгууллагууд тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.
2. Шударга шүүхийг нэн даруй байгуулахыг шаардаж байна.
3. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, шийдвэрт сахилгын, мэргэжлийн, төсвийн хяналт тавих эрх бүхий Ард түмний хяналтын байгууллагыг төрөөс хараат бус байдлаар байгуулж төрийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахыг шаардаж байна.
“Шүүгчийн шийдвэрийг хэн ч хянахгүй байна. Гурван шатны шүүх нэг нэгнийхээ шийдвэрийг хянадаг биш, хамгаалдаг болсон. Шүүгч нар халдашгүй эрхийн дор нуугдан хууль бус үйлдэл гаргаж буйг илрүүлж чадахгүй байна” хэмээн “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн бага хурлын үеэр дурдсан юм.