Вьетнам улсын нийслэл Ханой хотод өнөөдөр эхэлж буй Умард Солонгос, Америкийн дээд хэмжээний уулзалтыг угтаж зочид буудлын захиалга хоёр дахин нэмэгдсэн гэж “The Guardian” сонинд бичжээ.
Зочид буудалд захиалга өгсөн үйлчлүүлэгчдийн ихэнх нь Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, аюулгүйн албаныхан байгаа аж.
Олон улсын 3,500 сэтгүүлч сурвалжлагч дунд хамгийн их тоо эзэлж байгаа нь Америкийн хэвлэлийн ажилтнууд юм.
Ханой хотод сэтгүүлчдэд зориулсан мэдээллийн төв нээсэн ч мягмар гарагт тус төвөөс Америкийн сэтгүүлчдийг албадан гаргажээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны бие хамгаалагчид олон улсын сэтгүүлч сурвалжлагчдыг хатуу хянадаг.
Хэрэв удирдагчаас элдэв асуулт асуух, сэжиг бүхий зураг авч байгааг мэдвэл гар утас, камерыг нь хурааж авах хүртэл арга хэмжээ авдаг байна.
Дээд хэмжээний уулзалтыг Ханойд биш далайн эргийн амралтын хот Данангад зохион байгуулах саналыг Трампын ажлын албанаас анх санал болгож байжээ.
Ханойд байдаг Метрополь зочид буудалд гол уулзалтуудыг зохион байгуулна гэж таамаглаж байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Вьетнам хүртэл урт замыг гурав хоногт туулж ирснийхээ дараа Мелиа Ханой зочид буудалд буудалжээ.
Харин Америкийн Ерөнхийлөгч JW Марриотт зочид буудлыг сонгосон байна.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан Ханойн иргэд Ким, Трамп нарын үс засалтыг дуурайх болсон байна.
Нийслэл хотын жижиг дүүргийн үсчний газар ойрын долоо хоногт 400 гаруй эрэгтэй үйлчлүүлэгч тэдэнтэй адил үсээ засуулснаас ихэнх нь Умардын удирдагчийн үс засалтыг сонирхож адилхан засуулсан гэжээ.
Эх сурвалж: www.japantimes.co.jp, www.theguardian.com