Өнгөрсөн амралтын өдөр Герман улсын нийслэл Берлин хотод болсон марафон гүйлтэд Кени улсын Олимпийн аварга Елюд Кипчоге дэлхийн дээд амжилт тогтоожээ. Елюд Кипчоге 2 цаг 1 минут 39 секундын амжилтаар Берлиний марафонд түрүүлж дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. 33 настай Олимпийн аварга Кипчоге “Дэлхийн дээд амжилтын эзэн болсноо үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Үнэхээр хүнд байсан. Гэсэн ч бэлтгэлээ сайн базааж, тэмцээндээ бүх анхаарлаа хандуулж байсны минь үр дүн” хэмээн ярьжээ. Берлин хотын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кенийн тамирчин дэлхийн дээд амжилтыг бүтэн минутаар түрүүлж шинэчилсэн гэжээ. Ойрын 50 гаруй жилийн хугацаанд ийм амжилт гарч байгаагүй гэнэ. Кипчоге 11 удаа марафонд гүйсний 10-т нь түрүүлсэн амжилттай. Ням гаригт болж өнгөрсөн Берлиний марафонд эрэгтэй төрөлд хоёр, гуравдугаар байруудад Кенийн тамирчид орсон бол эмэгтэйчүүдийн төрөлд эхний байруудыг мөн Кеничүүд эзэлжээ.
Эх сурвалж: www.cnn.com