Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэсэг хуульч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид амиа алдсан хуульчийн талаар байр сууриа илэрхийллээ
Гавьяат хуульч Л.Бямбаа Цагдан хорих 461 дүгээр ангид буюу төрийн тусгай хамгаалалтын газарт энэ сарын 23-нд амиа алдсан нь тус ангид саатуулагдсан хүн амиа алдсан анхны тохиолдол биш гэдгийг хуульчид онцоллоо.
Хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан хүн саатуулагдсан үедээ амиа хорлосон гэдэгт итгэхгүй байгаагаа хэллээ. Төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд амиа алдах тохиолдол удаа дараа гарч байна. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдаж зөвлөмж гаргахыг хүсэж байна гэв.
Цагдан хорих байранд хуульч хүн амиа алдаж байхад Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ямар нэгэн мэдээлэл хийхгүй байна. Хуулийн байгууллагууд ажиллаж чадахгүй байгаа учир ажлаа өгөх юм уу, хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж байна.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг ХЗДХЯ хүлээж байгаа ч үүргээ хангалттай биелүүлэхгүй байсаар.
Төрийн тусгай хамгаалалт бүхий байгууллагад саатуулагдсан иргэдийн амь нас хохирч, цэргийн алба хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, амиа хорлох явдал гарч байгаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэн яаралтай анхаарал хандуулахыг уриалж байна гэлээ.