АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.
Энэ удаагийн уулзалт өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр үргэлжлэхээс гадна баасан гараг хүртэл сунжирч магадгүй гэдгийг ажиглагчид хэлж байна. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын төлөөлөгчид уулзалтыг зохион байгуулж буй Вьетнам улсын эрх баригчидтай уулзаж үдийн зоог барина. Харин дараа нь Трамп, Ун нар оройн зоог барьж зөвхөн хэлмэрчдийн хамт хаалттай уулзалт хийнэ.
Гол уулзалтууд маргааш болох ба 1953 оны Солонгосын дайн дууссаныг албан ёсоор бататгах бэлгэдлийн тунхаг бичигт талууд гарын үсэг зурна гэж найдаж байна. Америкийн Засгийн газар Умард Солонгосын эсрэг тавьсан хоригоо цөөлж, Пхеньяны талаас цөмийн зэвсэг хөгжүүлж буй гол байршлуудаа хаах тохиролцоо бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Дээд хэмжээний уулзалт лхагва гарагт буюу өнөөдөр орой Вьетнамын цагаар 18:30 минут, манай цагаар 17:30 минутад эхэлнэ. Уулзалтын гол өдөр болох маргаашийн товыг Цагаан ордон хараахан зарлаагүй байна. Цагаан ордон энэ удаагийн арга хэмжээг шууд дамжуулахгүй гэжээ. Олон улсын 3,500 сэтгүүлч үйл явдлыг сурвалжилж дэлхийн нийтэд шуурхай мэдээ хүргэнэ.
Эх сурвалж: www.vox.com