СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-02-27

“Японы Шиндлер” Сугихарагийн амьдралын виз

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.Өлзийбаяр

Чиунэ Сугихара 1900 онд Гифу аймагт, эмчийн гэр бүлд зургаан хүүхдийн нэг болж төрсөн байна. Бага дунд сургуульд тун амжилттай сурч, эцгийнхээ хүслийг дагаж анагаах ухааны коллежид элсэхээр шалгалт өгсөн ч өөрөө дургүй байснаас гарын үсэгтэй цагаан цаас хураалгажээ. Ингээд эцэг нь түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больж, залуу өөрийнхөөрөө амьдрах болсон байнаа. Жил хагасын дараа мөнгөгүйгээс болон Токиогийн их сургуулиа хаяж Японы Гадаад хэргийн яамны зарын дагуу шалгалт өгч Хятадын Харбинд Элчин сайдын яаманд ажилд оржээ.

Энд байхдаа Белорусс гаралтай Клавдии Аполлоновтой гэрлэсэн байна. Ингээд бие даан орос, герман хэл сурсан байна. Дорнод-Хятадын төмөр замын асуудлаар Зөвлөлтийн талтай хэлэлцээрт оролцож эх орныхоо төлөө чин үнэнчээр зүтгэж байлаа. Гэхдээ л Япончуудын Хятадын энгийн ард иргэдтэй харьцаж байгааг эсэргүүцэн Харбин дахь ЭСЯ-ны ажлаа орхисон байна.

Түүнийг Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Литвийн Каунас дахь консулын газарт томилсон байна.

 

Авралын 2139 гарын үсэг

1939 оны есдүгээр сард Германы цэрэг Польшид орж дэлхийн хоёрдугаар дайн эхэллээ. Литва европыг орхин явахыг хүссэн дүрвэгсдээр дүүрэв. Зарим нь Голландаар дамжин тэдний колони Карибын тэнгис, Кюрасао арал, Суринам руу гарч байв.

Зөвлөлтийн тал Япон руу гарах нөхцөлд дамжин өнгөрөх виз өгнө гэсэн тул Чиунэ Сугихара Засгийн газартаа хандсан ч хариу өгсөнгүй. Ингээд л консулын газар хөлд дарагдаж эхэлж байтал 1940 оны зургадугаар сарын 15-нд Литва Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж дипломатуудыг Каунасаас явахыг шаардлаа. Бүх дипломатууд явсан ч Голланд, Японы консул л үлдлээ. Сугихара харин Зөвлөлтийн Засгийн газраас өөрийг нь Каунаст байх хугацааг сунгаж өгөхийг гуйсан байна. Өвгөд хөгшид, хүүхэд эмэгтэйчүүдийн амьд үлдэх ганц найдлага нь Японы виз байлаа. Хэдийгээр .

 

Хоёр мянга нэг зуун гучин ес

Эхлээд л журмын дагуу албан бланк дээр бичиж байтал бланк нь дуусахаар ерийн цагаан цаасан дээр бичдэг болж. Тэр нь дуусахаар саарал цаасан дээр, сүүлдээ бүр цаасны өөдөс, хаягдал цаасан дээр бичиж эхэлжээ. Тэр бүтэн хоногоор ширээний ард суун бичээд л эхнэр нь гар хуруу, мөрөнд нь иллэг хийж өгч байлаа. Сугихара хамгийн сүүлчийн визээ галт тэргэнд суучихсан хойноо бичиж, цонхоор өгч байжээ. Хамгийн сүүлд галт тэрэг хөдлөхөд тэр консулын газрын тамгаа еврейчүүдэд цонхоор өгч орхижээ. Түүний гарын үсэггүй ч зөвхөн тамгатай өчнөөн олон виз бас гарсан гэдэг.

Тэр дүрвэгсдийн хувь заяа юу болсон, Зөвлөлтийн нутгаар дамжин Японд, аюулгүй газарт хүрсэн эсэхийг Сугихара сонирхсонгүй. Гэхдээ түүний виз өгсөн еврейчүүд Транссибириэр дамжин Владивосток хүрч, тэндээсээ хөлөг онгоцоор Япон, бусад авралын арлуудад хүрч чадсан байна. Дайны жилүүдэд Чиунэ Сугихара Германы Кенигсберг, Прага, Берлиний консулын газар, ЭСЯ-нд ажиллаад хамгийн сүүлд Бухарестад ажиллаж байхад нь Зөвлөлтийн армийн командлал баривчилсан байна. Жил хагас хоригдоод 1947 онд эх орондоо эргэн очжээ.

Хувь заяа давтагдаж Сугихара өөрийнхөө виз өгсөн өнөө л дүрвэгсдийн замаар Транссибирийн замаар Зөвлөлтийн нутгийг хөндлөн гулд туулан, эцэст нь хөлөг онгоцоор Япондоо очсон гэдэг. Гэхдээ түүнийг сайн зүйл угтсангүй, Каунаст дураар авирласан хэмээн Гадаад хэргийн яамнаас халсан байна.

Тэр гэр бүлээ аван Фузисава хотод очиж цагийн орчуулагч, багшийн ажил хийж, цахилгаан чийдэн борлуулж амьдарчээ. Хүү нь хорт хавдраар нас барахад ч оршуулгын мөнгөгүй л байсан гэдэг.

 

Москва дахь гэнэтийн уулзалт

1960 онд Сугихараг хувийн нэгэн компани Москвад суух худалдааны төлөөлөгчийн ажилд авчээ. Найман жилийн дараа гудамжинд явж байхад нь нэгэн танихгүй эрэгтэй “Ноён Сугихара та юу? Та 1940 онд Каунаст Японы консул байсан биз дээ” гэжээ.

Тэр эрэгтэй өөрийгөө Иехошуа Нишри гэдэг гээд Литвээс Японоор дамжин өнгөрөх виз авч гэр бүлийнхэнтэйгээ гарсан, тэгэхэд би хүүхэд байсан гэж ярьжээ.. Японы Засгийн газар ердөө л “Тийм хүн байхгүй” гэсэн хариу өгдөг байжээ. Москва дахь энэ гэнэтийн уулзалт болоогүй бол хэн ч түүнийг мэдэхгүй л өнгөрөх байж. Харин түүний ачаар амьд үлдсэн хүмүүс огтхон ч мартсангүй, бие биенээсээ дуулан захидал, цахилгаан, урилгаар дарж эхэлсэн байна. 1985 онд Израиль улс Сугихараг “Дэлхийн ард түмнүүдийн шударга элч”-ээр өргөмжилжээ. Түүнийг нас барахад оршуулгад нь Японд суугаа Израилын Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид очсон байна. Өчнөөн жил хөрш зэргэлдээ амьдарсан хөршүүд нь хүртэл түүний түүхийг мэдэхгүйгээс жирийн нэг өвгөнийг нас барахад гадаадын Элчин сайд ирэхэд ёстой нүд нь орой дээрээ гарсан гэдэг. Үүнээс хойш л түүнийг Япончууд мэддэг болж, түүний тухай ном гарч, кино хийсэн байна.

Японы Гадаад хэргийн яам ч нөхрийг нь ажлаас халж байсныхаа төлөө бэлэвсэн эхнэрээс нь 2006 оны гуравдугаар сард албан ёсоор уучлал гуйжээ. Эхнэр Юкико нь нөхрийнхөө тухай ном бичиж, дипломатын энэ гайхамшигт түүх Японы дунд сургуулийн сурах бичигт ч орсон байна. Литвад түүний дурсгалын музей байгуулж шуудангийн марк ч хэвлүүлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.