Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн тоглолт Монгол орны өнцөг булан бүрт болдог уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу “Хурд”, “Камертон”, “Увертюра” төдийгүй нийтийн дуучид ч үзэсгэлэнт бүсгүйчүүдээ, хайрт ээжүүдээ магтан дуулсан тоглолтоороо бэлэг барихаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байна. Монголын анхны хөвгүүдийн хамтлаг гэгдэх “Камертон”-ы залуус ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хайр” тоглолтоо “Aurug Place” хийхээр зарлажээ. Хамтлагийн туурвисан 11 цомгийн хит дууг энэ үдэш зөвхөн бүсгүйчүүдэд зориулах аж. Тасалбарын үнэ 300 мянган төгрөг. Тэгвэл этник хамтлаг гэгдэх “Увертюра” мөн л ирэх сарын 8-нд “One event hall”-д тусгай тоглолт хийх гэнэ. 50-хан эмэгтэйд зориулсан энэхүү тоглолтын тасалбарын үнэ нэг сая төгрөг. Харин “Хурд”-ын уламжлалт тоглолтын тасалбар 30-100 мянган төгрөгийн үнэтэй байна.