Б.Зул
ОХУ-ын Красноярск хотод ердөө гуравхан хоногийн дараа оюутны өвлийн спортын XXIX Универсиад наадам хөшгөө нээнэ. Дэлхийн 60 гаруй орны 3500 орчим тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх эл наадамд манай улс гүйлтийн цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайл гэсэн төрлөөр тамирчдаа илгээх юм. Нийт спортын таван төрөлд 16 тамирчин өрсөлдөнө гэсэн үг. Тодруулбал, цанын төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг, Д.Оюунчимэг, шорт трейкээр спортын мастер Б.Гэрэлтуяа, цанын орон зай баримжаалах төрөлд Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр, Д.Хулан, Б.Нангид, уран гулгалтаар Г.Марал-Эрдэнэ, фристайлаар С.Тэмүүлэн, Г.Буянт нар дэлхийн шилдэг оюутан тамирчидтай өрсөлдөнө.
Дэлхийн 60 гаруй орны 3500 орчим тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөнө.
XXIX Универсиад өвлийн наадамд оролцох тамирчид, төрөл өмнөхөөсөө нэмэгдсэн. Тухайлбал, уран гулгалт, цанын орон зай баримжаалах төрөлд анх удаа Монголыг төлөөлөн тамирчид өрсөлдөж буйгаараа онцлогтой. Тамирчдыг үдэн гаргах нээлтийн ёслолд оролцсон зочдоос ОХУаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков хэлсэн үгэндээ “Монголынхоо нийт тамирчдад чин сэтгэлээсээ амжилт хүсье. Красноярск хотод та бүхнийг сонин содон олон зүйл хүлээж байгаа. ОХУ энэхүү наадамд маш сайн бэлдсэнийг хэлэхэд таатай байна” хэмээн онцолсон бол Монголын багийн зочид өмнөх амжилтуудаа ахиулахыг захилаа. Тамирчид энэ удаа Испанийн “Келме” брэндийн найман иж бүрдэл бүхий спорт хувцсаар гангарч байгаа бөгөөд Универсиадын нээлтэд Монголын багийн тугчаар
цанын олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын “В” зэрэглэлийн тэмцээний хүрэл медальт Б.Ачбадрах сонгогдлоо. Өвлийн Универсиад наадамд манай улсын баг анх 1991 оноос оролцсон түүхтэй. Тухайн үед тус наадам Японы Саппоро хотод болсон бөгөөд энэ удаа 14 дэх удаагаа оюутны өвлийн спортын наадамд оролцох гэж байна.