“Boom Supersonic” “XB-1” загварын дуунаас хурдан онгоцыг бүтээж байна. Уг онгоц тун удахгүй дэлхий дээрх хамгийн хурдан иргэний агаарын тээврийн хэрэгсэл болох юм. Одоогоор Лос-Анжелос хотоос Сидней рүү зогсолтгүй нисэх хамгийн хурдан нислэг 15 цаг үргэлжилж байна. Харин “Boom Supersonic” компанийн “XB-1” онгоцоор энэ замыг зургаан цаг гаруйханы дотор туулах боломжтой болох гэнэ. Дэлхий даяар 500 орчим чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж буй уг онгоц агаарт хөөрсөн л бол тухайн өдөртөө амжин эргэж ирнэ. “Boom” компани “Virgin Galactic” компанийн “The Spaceship Company” группээс 33 сая ам.долларын санхүүжилт авснаар онгоцыг барьж дуусгаад, туршилт хийхэд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болжээ. Онгоцыг бүтээхэд нийтдээ 329 сая ам.доллар зарцуулсан тул “Boom” компани үнэтэй тасалбараар зардлаа нөхөхөөр төлөвлөж байгаа аж. 45 суудалтай энэ онгоцны тасалбарын үнэ 6600 орчим ам.доллар байх бөгөөд 2020 оноос нислэг үйлдэж эхэлнэ.