Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох НИТХ-ын ээлжит бус долоодугаар хуралдаан өнөөдөр өглөө 11 цагт эхэлсэн боловч, тав дахь удаагаа завсарлаад байна.
Эхний удаад НИТХ-ын дарга С.Амарсайханыг эсэргүүцэж, "Смарт ТҮЦ" эрхлэгч эмэгтэйчүүд үймээн дэгдээж, хуралдааныг хэсэг хугацаанд завсарлахаас өөр аргагүй болгосон бол 12 цагийн үед НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага хүссэн юм. Нэг цагийн завсарлага дууссаны дараа хуралдаан эхлэх гэж байхад НИТХ дахь МАН-ын бүлэг арван минутын завсарлага хүсэж байгаагаа хуралдааныг даргалагчдад уламжилсан.
Гэвч үүнээс хойш НИТХ дахь АН-ын бүлэг дахин нэг цаг, МАН-ын бүлэг 15:40 минутын үед бас дахин нэг цагийн завсарлага авлаа.
Маргааны гол нь өмнөх зургадугаар хуралдааны тооллогын комиссийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулахдаа НИТХ дахь МАН-ын бүлгээс хоёр, АН-ын бүлгээс нэг, нэр дэвшигч С.Мөнхчулууны санал болгосон хоёр хүнээр тус тус бүрдүүлж байсан.
"Долдугаар буюу шинэ хуралдаан эхэлсэн тул тооллогын комиссийг шинээр бүрдүүлэх ёстой" гэж бүлгийн дарга Р.Дагва үзэж байгаагаа тайлбарлаад, МАН-ын бүлгээс н.Батсүмбэрэл, н.Отгонсүх, н.Мөнхжаргал, н.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан нарыг тооллогын комисст нэр дэвшүүлсэн нь маргааны эхлэлийг тавьчихлаа.
"Энэ нь ардчиллын зарчмыг зөрчиж байна" гэж үзсэн НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл дахин хоёр хүн, төлөөлөгч Ж.Батсайхан (МАН-ын бүлгийн) мөн хоёр хүн нэр дэвшүүллээ.
Өөрөөр хэлбэл, тооллогын комисст нийт есөн хүн нэр дэвшээд байгаа юм. "Тооллогын комисс таван хүнтэй байхаар баталсан тул үлдсэн дөрвөн хүн дээр саналаа нэгтгэх шаардлагатай байна" гэж НИТХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаагаа илэрхийлэн нэг цагийн завсарлага авлаа.
Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Өнөөдөр төлөөлөгчид суудлаа сольж суусан байна. Энэ нь нэг нэгнээ хянах зорилготой" гэж мэдэгдлээ.