СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-02-26

Гэрэл зураг түүх өгүүлнэ: Поп дива дуучин Ж.Алтанцэцэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол улсын гавьяат жүжигчин, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт “Хайр гэж...“ шинэ, амьд тоглолтоо хийх гэж байна. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм. 

Тэрбээр урлагт 20 гаруй жил өнгөрүүлсэн бөгөөд түүний үе үеийн сайхан дурсамжтай зургуудийг "Гэрэл зураг түүх өгүүлнэ" булангаар хүргэж байна. 

Ж.Алтанцэцэг 1995 онд төрсөн өдрөөрөө нөхөртэйгээ танилцсан түүхтэй юм. Нөхөр нь түүний дуулахыг сонсоод их гоё хоолойтой охин байна гээд зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэж байжээ. Тэрбээр “Холливуд” гээд анхны такстай бааранд дуулдаг сэргэлэн оюутан байв.

Ж.Алтанцэцэг оюутан байхдаа анх хөгжмийн зохиолч Аранзай “Дурлалын нулимс” гээд киноны дууг дуулсан байдаг. Тэрнээс хойш “Дурлалын золиос”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Зүрхэнд шивнэсэн үг” зэрэг киноны дуу дуулсан юм.

Дуучин Ж.Алтанцэцэг эсртад, поп дуу дуулахаас гадна өөрийгөө сорих дуртай нэгэн билээ. Иймээс 2010 онд “Миний дуулсан ардын дуунууд” шинэ цомгоо гаргасан байдаг. 

Монголын таван поп дивагийн нэг тэрбээр “Энэхүү алдар нэрээ хариуцлагатай авч явахын тулд зүгээр нэг дуучин биш ахуй амьдрал дээрээ ч тэр бүхий л зүйл дээр дива байхыг хичээдэг” хэмээсэн байдаг.

Дуучин Ж.Алтанцэцэг Монголын поп таван дива дуучин нартайгаа дотны найзууд бөгөөд хүний амьдралд тохиох баяр хөөр, гуниг харуусалд нэг нэгнийгээ түшдэг билээ. Тэрбээр "Миний хувьд төрсөн өдөр бол бурхнаас заяасан бэлэг. Тиймээс ч хайртай, дотны хүмүүстэйгээ баяраа хуваалцах нь зөв гэж боддог" хэмээн хэлсэн юм.

МУГЖ Ж.Алтанцэцэгийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 оны Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа аж. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан билээ. 

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор 2012 онд дуучин Ж.Алтанцэцэг энгэрээ цоолуулсан.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүмүүнлэгийн ажил хийдэг уламжлалтай бөгөөд монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө маш олон ажлыг зохион байгуулсных нь төлөө Нохой жилийн "Хүмүүнлэгийн элч" шагналыг түүнд МММ хүрээлэнгээс олгосон юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд өөрийн бие даасан “Хайр гэж...” уран бүтээлийн тоглолтоо тавих гэж байна. Тэрбээр чухам яагаад Мартын наймны өдөр тоглолтоо хийхээр болсон талаар “Би эмэгтэй хүн, эмэгтэй дуучин. Олон жил тоглоогүй учраас энэ сайхан баярын өдөр тоглолтоо хийхээр шийдсэн. Эмэгтэйчүүд маань энэ өдөр эрхээ хамгаалдаг, баярладаг. Энэ өдөр чинь онцгой өдөр шүү дээ. Special өдөр гэх юм уу даа. Энэ өдрийг гоё өнгөрүүлэх ёстой.” хэмээсэн байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.