Католик шашны кардинал Жорж Пэлл насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн нь батлагдаж маргааш буюу лхагва гарагт хоригдохоор болж байна. Кардинал Пэлл энэ жил 77 настай бөгөөд бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй хамгийн өндөр албан тушаалтай Католик лам юм.
Пэллийн шүүх хурал өнгөрсөн жил явагдаж хоёр ч удаа шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж кардиналыг гэм буруутай гэж үзсэн байна. Эхний хуралдаанаар шүүгчид нэгдсэн саналд хүрээгүй ч хоёр дахь хуралдаанаар дуу нэгтэй баталжээ.
Тэрээр 1996 онд Австралийн Мэлбурн хотод тэргүүн хамба байхдаа сүмийн номлолын дараа найрал дуунд байсан хоёр сурагчид дарс өгөн хүчирхийлсэн байна. Хохирогчид тухайн үед 16 нас хүрээгүй байсан ба нэг нь нас барж, нөгөө нь шүүхэд мэдүүлэг өгчээ.
Амьд үлдсэн хохирогчийн нэрийг нууцалсан байна. Хохирогчийн ярьснаар хүчирхийлэлд өртсөнийхөө дараа сэтгэл санааны маш хүнд дарамтанд орсон гэжээ. Өөртэй нь яг ижил зам туулсан хүмүүс л амьдралыг нь ойлгоно гэж шүүх танхимд мэдүүлсэн байна.
Үүнээс гадна 1970-аад оны үед Кардинал Пэлл Австралийн Викториа мужийн Балларат хотод байхдаа бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн гэх хэрэг эргэн сөхөгдсөн ч хангалттай нотлох баримт байхгүй тул хаажээ.
Католик шашны хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг кардинал насанд хүрээгүй хүүхдүүдийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон мэдээллийг өдий хүртэл чанд нууцалсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэгтэн буруу зүйл хийгээгүй гэсэн байр сууриа бат хамгаалж, давж заалдахаа мэдэгджээ.
Австрали улсад Католик санваартан, лам нарын долоон хувь нь бэлгийн гаж дур сонирхолтой гэсэн судалгаа байдаг байна. 1970-аад оны үед энэ талаар мэдээлэл ховор байсан бол 1990-ээд оны эхээр хэдэн арван улсад хэрэг үйлдэгдсэн нь илрэх болсон юм.
Ромын пап Францис Ватиканыг тэргүүлэх болсноосоо хойш сүмд нуугдсан ичгэвэрт гэмт хэргүүдийг илчлэн хохирогчдод тусалж, бага насны хүүхэд хүчирхийллийг зогсоохоо мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: www.bbc.com