Америк, Умард Солонгосын төрийн тэргүүнүүд найман сарын дараа Вьетнам улсын нийслэл Ханой хотод дахин уулзах гэж байна. Уулзалтын бэлтгэл ажил хангагдаж дууссан гэж болно.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн амралтын өдөр замдаа гарч өнөөдөр Вьетнам улсад ирээд байгаа бол Д.Трамп аян замдаа гарсан тухай мэдээлж байна. Удирдагчдын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт лхагва, пүрэв гарагуудад үргэлжлэх юм.
Өнөөдөр өглөө Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ханойд газардсан байна. Трампын онгоц өнөөдөр орой Ханойд бууна.
Ким, Трамп лхагва гарагийн орой ганцаарчилсан уулзалт хийнэ. Хэлмэрчдээс өөр хүмүүс байлцахгүй гэж Цагаан ордноос мэдээлсэн юм. Харин пүрэв гарагт бусад уулзалтуудыг зохион байгуулна гэжээ.
Хоёр дахь уулзалтаар юу шийдэгдэх вэ?
Трампын хувьд Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюул заналхийллыг энэ удаагийн уулзалтаар бүрмөсөн үгүй хийнэ гэдэгтээ итгэлгүй байна гэж ажиглагчид харж байна. Хэдийгээр Умардын цөмийн зэвсгийг бүрмөсөн устгаж чадахгүй ч 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайн дуусгавар болсныг бататгах тунхаг бичиг гаргана гэж үзэж байна.
Умард Солонгос улс хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сард цөмийн зэвсгийн туршилт хийсэн бол мөн оны 11 дүгээр сард тив хоорондын баллистик пуужингийн туршилт хийсэн юм. Олон улсын ажиглагч, шинжээчдийн хувьд Умардын тал цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа эсэхийг ажиглах нь чухал байна.
Уулзалтаар Трамп Кимд хэт их дарамт шахалт үзүүлснээр байдал эсрэгээрээ эргэж магадгүй гэж болгоомжлох улс төрчид байна. Солонгосын дайныг дуусгаж чадвал Трампын Нобелийн энх тайвны шагнал хүртэх хүсэл эрмэлзэл биелэхэд ойрхон ирнэ.
Эх сурвалж: www.reuters.com, www.cnn.com