Х.Оюунболд
Энэ удаагийн “Ширээний ном” булангийн зочноор ОХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд зочин багшаар ажиллаж байгаа орчуулагч О.Чинбаярыг урьсан юм.
Тэрээр хүний өдөр тутмын ажил, амьдралд үргэлж хэрэг болж байдаг тийм л номыг ширээний ном гэж үздэг. Харин орчуулга хийхэд толь бичиг байдаг. Мөн Далай ламын орчуулсан бүтээлүүд үргэлж бодогддог. Тиймээс надад Далай ламын айлдсан ном сургаалийг миний ширээний ном гэж хэлэх бүрэн үндэс бий гэж байлаа. Мэдээж энэ номнууд нь миний амьдрал, ажилд нөлөөлсөн. Учир нь түүний есөн номыг 10 гаруй жилийн турш орчуулсан. Тиймээс энэ бүх номондоо хайртай гэсэн юм. Тэрээр хүмүүний амьдралд өчүүхэн ч атугай тус дэм болох үүднээс дээрх ном сургаалийг уншигч хийгээд сүсэгтэн олонд хүргэх ажлыг би одоо ч хийсээр байна. Түүний сургаалиуд миний амьдралд их тус болсон. Тиймээс цаашид ч тэдгээрийг даган баясч, ажил, амьдралдаа мөрдлөг болгож явна.
Хүмүүний эгэл амьдралыг хэрхэн ёс зүйтэй, аз жаргалтай болгох тухай Дээрхийн гэгээнтний номлосон ном сургааль миний зам мөрийг үргэлж гэрэлтүүлдэг гэж байлаа. Харин энэ номоос “Зовлонгоос ангижирч, аз жаргалыг олох гэсэн хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй. Энэ хүсэл мөрөөдөл бидний мах цусанд шингэсэн байдаг болохоор аз жаргалыг хүсэхийн учир холбогдлыг тайлбарлах нь илүүц биз ээ…” мөн “Баян, хоосон аль нь ч байсан ялгаагүй авсанд орсон хойно бүгд адилхан…” хэмээх Далай ламын сургааль үгсийг үргэлж санаж явдаг гэв.
Оросын зохиолч Андрей Платановын “Чевенгүр” романыг 2017 онд монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн. Мөн Оросын орчин цагийн амьд домог болсон зохиолч Саша Соколовын “Тэнэгүүдийн сургууль”, “Чонохой буюу Үнэгэн харанхуйд” хэмээх хос романыг 2018 оны хавар уншигчиддаа өргөн барьсан. Харин эрдмийн ажлаа өндөрлөх гээд одоогоор өөр ном зохиол барьж авсан юм алга байна.Гэхдээ сүүлийн үед ОХУ-д шуугиан тарьж байгаа татар зохиолч Гүзэль Яхинагийн “Зүлэйха нүдээ нээхүй” гэдэг онц сонирхолтой романыг Д. Баасанжаргал дуун хөрвүүлснийг зав зайгаараа редакторлож сууна. Дөрөвдүгээр сард уншигчдын хүртээл болно. Үүнийг харин манай уншигчид уншаад уйлах нь гарцаагүй тийм сонин ном болно гэв.
2019.2.26№ 39 (6006)