Грэйг Колей гэгч эрхэм 71 настай, амьдралынхаа тэн хагасаас илүүг буюу 39 жилийг хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж өнгөрүүлжээ. Хэдий оройтсон байж болох ч Калифорн мужийн Сими Валли хотын захиргаа Грэйг Колейг хэлмэгдүүлснийхээ нөхөн олговор болгож 21 сая ам.доллар төлөхөөр болжээ.
Уг эрхмийг 1978 онд Ронда Вич болон түүний дөрвөн настай хүү Дональдыг хороосон гэж хорих ял оноосон байна. 39 жилийн турш шоронд хоригдож байсан тохиолдол Калифорнд байхгүй гэж хуулийн байгууллагаас мэдээлжээ.
Хохирогч эмэгтэйг, хүүгийнх нь хамт олоход бусдад хүчирхийлүүлсэн, дээрэмдүүлсэн байдалтай байжээ. Хөршүүд нь 40 орчим жилийн өмнөх хэрэг гарсан өдрийн үүрээр 5:30 минутын үед түчигнэх чимээнээр сэрээд харахад Колейгийн машин харагдсан хэмээн мэдүүлэг өгсөн байна.
Хотын цагдаа нар хэргийн мөрөөр очиход Грэйг Колейн гэрээс хүүхдийн подволк, цустай алчуур олдсон ба бэлэг эрхтэн нь шархалсан байжээ. Цагдаа нар огт эргэлзэлгүй түүнийг барьж хорин прокурорын газраас яллаж ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноохыг хүссэн ч бүх насаараа өршөөлгүйгээр хоригдох ял сонссон байна.
Хэлмэгдсэн этгээд тухайн үед зоогийн газар ажилладаг байсан ба өглөө бүрийн 04:30 минутад ажлаасаа бууж, хамт ажилладаг хүнээ хүргэж өгөөд буцдаг байсан гэж ярьжээ. Хэрэг шийдэгдсэнээс хойш 30 гаран жилийн дараа буюу 2015 онд дахин сөхөж, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлжээ.
Ингэхэд Грэйг Колейгийн ДНХ хохирогчдын бие болоод хэргийн газраас огт илрээгүй, оронд нь гэмт хэрэг үйлдээд зугтсан байж болох үл таних этгээдүүдийнх олдсон юм. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, урьд өмнө огт гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргээс шүүгчид дүгнэлтээ гаргажээ.
Хэлмэгдсэн эрэгтэй огт хэргээ хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд хотын захиргаа хорих газарт өнгөрүүлсэн өдөр бүрийн нөхөн олговрыг 140 ам.доллараар тогтоосон байна. Хотын удирдлагаас гадна хэргийг мөрдөн шалгах ажилд учир дутагдалтай хандсан бүх байгууллагууд зохих ёсны нөхөн төлбөрөө олгожээ.
Эх сурвалж: www.bbc.com